
Сүүлийн өдрүүдэд Увс аймгийн Түргэн, Сагил, Ховд, Бөхмөрөн, Тэс, Зүүнговь, Зүүнхангай сумын нутаг дэвсгэрт хүрэн баавгай үзэгдэж, зарим тохиолдолд малчин өрхийн ойролцоо болон суурьшлын бүсэд орж ирсэн мэдээлэл бүртгэгджээ. Тиймээс үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Увс аймгийн Засаг даргын 2026 оны есдүгээр сарын 21-ний А/590 дүгээр захирамжаар шуурхай ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг нь хүрэн баавгайн байршил, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг шуурхай хүлээн авч нэгтгэх, эрсдэлтэй бүсэд хяналт тавих, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэх, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагуудтай хамтран шуурхай арга хэмжээ авах чиглэлээр ажиллах юм байна.
Мөн хүрэн баавгай хүн, мал болон айл өрхийн орчимд давтамжтай үзэгдэж, иргэдийн амь нас, эрүүл мэндэд бодит аюул учруулах өндөр эрсдэлтэй нөхцөл үүссэн тохиолдолд авах арга хэмжээ, шаардлагатай зөвшөөрлийн асуудлаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд албан хүсэлт хүргүүлжээ.

