
Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид Соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч О.Сундуйн зохиол “Мөчрөн хуруут” хүүхэлдэйн жүжгийг тавдугаар сарын 24-ний өдөр нээх юм. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар СТА, найруулагч М.Ариунтуяа ажиллажээ.
Монголчууд бид байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалж, харилцан шүтэлцээтэй аж төрж ирсэн уламжлалтай ард түмэн. “Мөчрөн хуруут охин” хүүхэлдэйн жүжиг нь хүүхэд багачуудад үнэнч шударга зан, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахын ач холбогдол болон өнөөдрийн нийгмийн томоохон асуудлуудын нэг болоод буй уул уурхайн сөрөг болон эерэг үр дагавруудын талаарх мэдлэг боловсролыг ойлгуулах чухал ач холбогдолтой бүтээл юм.
Жүжгийн гол дүр болох Бадам охин өөрийн ааш зан, буруу үйлдлийн үр дагаврыг ойлгон, “Баярлалаа”, “Уучлаарай” гэх энгийн боловч хүчтэй үгсээр дамжуулан өөрчлөгдөж буй тухай өгүүлдэг бөгөөд хүүхэлдэйн дүр, тайз засал, гэрэл, хөгжмийн шийдлийг орчин үеийн өнгө төрхтэй хослуулан бүтээснээрээ онцлогтой аж.