
Хонконгийн ардчиллыг дэмжигч хөдөлгөөний идэвхтэн Жошуа Вонг гадаадын хүчинтэй хуйвалдсан хэрэгт холбогдон ял сонсох гэж байна. Хотын үндэсний аюулгүй байдлын тухай хуулиар түүнд бүх насаар нь хорих ял оноох магадлалтай.
Одоо 30 настай Вонг 2020 онд Бээжингээс Азийн санхүүгийн төв Хонконгт хэрэгжүүлсэн өргөн хүрээтэй үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн улмаас эсэргүүцлийн үйл ажиллагаа нь үндсэндээ хууль бус болсон залуу идэвхтнүүдийн нэг юм.
Вонгийг эх орноосоо дүрвэсэн идэвхтэн Натан Лоу болон бусад хүмүүстэй хамтран Хонконг, Хятадын эсрэг хориг арга хэмжээ авах, бүслэлт тогтоох болон бусад дайсагнасан үйл ажиллагаа явуулахыг Хятадаас гадуурх улс орнууд, байгууллага, институц, хувь хүмүүст уриалах хуйвалдаан зохион байгуулсан гэж буруутгажээ. Уг хуйвалдаан 2020 оны долоодугаар сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 23-ны хооронд болсон гэж үзэж байгаа аж.
Вонг өмнө нь үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд засгийн эрхийг хүчээр унагаах хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт буруутгагдан хорих ял эдэлж буй. Тэрбээр 2020 онд ардчиллыг дэмжигч хэсэг бүлэг идэвхтний хамт албан бус урьдчилсан сонгуульд оролцсон юм.
Түүний одоо эдэлж буй хорих ял 2027 онд дуусах ёстой байв.
2020 оны урьдчилсан сонгууль нь Хонконгийн ардчиллыг дэмжигч улс төрийн хүчнүүд хууль тогтоох байгууллагын сонгуульд хамгийн хүчтэй нэр дэвшигчдээ тодруулж, олонх болох боломжоо нэмэгдүүлэх зорилготой албан бус санал хураалт байжээ.
Прокурорууд эдгээр идэвхтнийг хууль тогтоох байгууллагад хяналт тогтоосныхоо дараа засгийн газрын төсвүүдийг батлахгүй гацааж, улмаар хотын тэргүүнийг огцруулах зорилгоор хуйвалдсан гэж буруутгасан. Эрх баригчид ийм стратегийг засгийн эрхийг хүчээр унагаах оролдлого гэж үзжээ.