
Долоо хоног тутмын "Үндэстний ТОЙМ" сэтгүүлийн 663 дахь дугаар хэвлэгдлээ. Энэ удаагийн дугаарт багтсан онцлох нийтлэлүүдээс танилцуулъя.
Нэг. Сонгуулийн үеийн менежмент
Уриа, нэршлээр дамжуулан сонгогчдын анхаарлыг татах маркетингийн шинжтэй ажиллагаа 2000 оноос хөгжиж эхэлсэн гэж үзэж болох нь. 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тухайн үеийн МАХН-аас Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхдээ өнөөдөр ч бидний санаанд хэвээр байгаа “Төрөө хямралаас гаргаж, түмнээ ядуурлаас аваръя” хэмээх уриаг дэвшүүлсэн. Түүний гол өрсөлдөгч болох АН-ын М.Энхсайхан “Авлигачдыг цээрлүүлье” хэмээх уриа сонгосон. Гэвч иргэд Н.Энхбаярыг сонгосон байдаг. Хожим Х.Баттулга “Монгол ялна” уриа дэвшүүлж, сонгуульд өрсөлдөөд Ерөнхийлөгч болсон.
2010 оноос хойш уриа, гоё нэршлийн хөгжил “оргил” үедээ хүрсэн гэж болно. Сүүлийн гурван сонгуулиар намуудын дэвшүүлсэн уриаг сонирхов. АН-ынхан 2016 онд “Ахиулан хийх ажил их”, 2020 онд “Монгол ялна”, сүүлийн өрсөлдөөнд “Бүтэн Монгол бүрэн ардчилал” гэсэн байна. МАН-ынхан “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө”, “Хөгжлийн төлөө хамтдаа”, 2024 онд “Ард түмний ялалт” хэмээн тунхагласан байх юм. “Монгол ялна” уриа нь олон нийтэд ихэд таалагдаж, Х.Баттулгыг Ерөнхийлөгч болгосон тул АН-ынхан “амтшиж”, 2020 оны сонгуулиар ахин хэрэглэсэн ч үр дүнд хүрсэнгүй. Харин энэ агуулгын Монгол гэснийг ард түмэн болгож өөрчлөөд МАН-ынхан хэрэглэчихсэн нь сонин.
УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй хувь улстөрчдийн уриа бол бүр сонирхол татна, зарим нь элэг хатаана. 2016 оны сонгуульд тухайн үеийн МАХН-аас нэр дэвшсэн З.Баянсэлэнгэ “Би таны гэр бүлийн гишүүн” гэсэн дотно уриа дэвшүүлсэн нь өнөөдөр ч дурсагддаг. Ялангуяа цагаан сар дөхсөн эл өдрүүдэд “Манай гэр бүлийн гишүүн ирж буузаа хийхгүй юм болов уу” хэмээн сурагласан хүн цөөнгүй.
С.Туулын "Уриа улс" нийтлэлээс
2. АН-ын батлах нь АНУ-ын виз авахад давуу тал болохгүй
Намынхаа гишүүнд ёс зүйтэй байхыг анхааруулсан АН-ын дарга О.Цогтгэрэл ч саяхан ёс зүйгүй авирласан. Тэрээр намынхаа гишүүний батлах буюу “Ардчиллын гэрэгэ”-г гишүүддээ олгох үеэрээ “Ардчиллын паспорттой иргэн АНУ-ын визэнд ороход “Энэ хүн чинь ардчиллыг дэмждэг юм байна. Ардчилсан үзэл санааг дэмждэг, дарангуйллын эсрэг хүн байна. Энэ үзэл санаа нь давуу тал болно” гэж хандана” гэсэн юм. Гэвч яг үнэндээ ардчилсан намын гишүүн байлаа гээд АНУ давуу байдал үүсгэн виз олгохгүй. АН-ын дарга О.Цогтгэрэл ч үүнийг мэдэж байгаа. Гэвч тэрээр намынхаа гишүүнчлэлийг нэмэхийн тулд залуусын сэтгэл зүйгээр тоглож байна. АНУ-ыг зорих, хөгжилтэй оронд ажиллаж, амьдрах гэсэн чин хүсэл эрмэлзлэл дээр нь тоглож, "Манай намын гишүүнээр элсвэл АНУ-ын виз авахад давуу эрхтэй" гэж худлаа хэлэх нь ёс зүйгүй үйлдэл.
Саяхан болоод өнгөрсөн хэдхэн үйл явдлыг цуглуулахад л манай улстөрчид ямар мэдрэмжгүй, ёс зүйгүй болох нь харагдаж байна. “Мэдрэмжээ алдвал бүгдийг алддаг” гэсэн үг бий. Улстөрчид ийнхүү мэдрэмжээ гээж ард түмнээ басамжлан доромжилж, бодит амьдралаас тасарч, үнэнээс холдсоор л байвал бүхнээ алдаж хэн ч биш болно. Хамгийн наад зах нь 2028 оны сонгуулиар дэмжигчдээ алдсан гэдгээ мэдэрнэ.
С.Шийлэгтөмөрийн "Мэдрэмжээ гээсэн улстөрчид" нийтлэлээс
3. Үерийн ус хуримтлуулах талбай орон сууцны зориулалттай талбай болсон түүх
Усны хамгаалалтын бүсэд нийслэлчүүдийн нүдэн дээр боссон хамгийн алдартай барилга “Акуа гарден”. Замбараагүй газар олголтын тод жишээ. Хан-Уул дүүргийн тухайн үеийн нэг, одоогийн арвантавдугаар хороо буюу Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойно Төмөр замын урд талын 11.8 га-г аль 2007 оны долдугаар сарын 4-нд “ашиглуулах” зориулалтаар 5 жилээр Эм Энд Жи Констракшнд олгожээ. Санал оруулсан албан тушаалтан нь ХУД-ийн Засаг дарга Д.Загджав /Сүүлд УИХ-ын гишүүн, Уул уурхайн дэд сайд, ШШГЕГ-ын дарга, Үндэсний аудитын газрын дарга юу, юу ч хийв/, тогтоол гаргаж зөвшөөрсөн нь НИТХ. Т.Билэгтийн гарын үсэгтэй НИТХ-ын тогтоолд Засгийн газрын 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хүрээнд Монгол БНСУ-ын хөрөнгө оруулалттай уг компанид 5 жилээр олгоё, харин олгох газарт нь өөрсдөөр нь үерийн далан бариулъя гэсэн нь цагаан дээр хараар бичээстэй. Эм Энд Жи Констракшн ч Монголын анхны төмөр каракастай Блю Скай тауэр, Моннис Тауэр, БЗД дэх Голден Вилла, Рояал Кастль зэрэг барилгыг барьчихсан лут компани байж л дээ. Эндээс хойш Нийслэлийн Засаг дарга Ц.Батбаярын 2008 оны есдүгээр сарын 7-ны 442-р захирамжаар Эм энд Жи констракшн компанид 11.8 га газрыг 5 жилийн хугацаагаар орон сууцны зориулалтаар ашиглуулах шийдвэр гарсан. Тус компанийн “Алтан-Өргөө” цогцолбор хорооллын төслийг дэмжсэн бөгөөд үүнийх нь хариуд төрийн албан хаагчдад уг барилгаас хуваарилах асуудал ч цаасан дээр үлджээ. Компанийн хөрөнгөөр биш нийслэлийн төсвийн хөрөнгөөр үерийн далан байгуулж өгдөг.
Г.Улсболдын "Алтан өргөөгөөс Акуа Гарден болтлоо хувирсан Дунд голын татам" нийтлэлээс
4. Сайны хажуугаар ...
Сар шинийг угтсан худалдаа идэвхжихийн хэрээр жилийн жилд үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалдаг ч үнэ хямд нь л ялагч болдог. Хямд үнэ үргэлж хамгийн сайн өгөөш байсаар ирсэн ч харамч хүн хоёр дахин илүү төлдөг гэдгийг мартаж болохгүй. Инфлүнсерүүдийн ихээр сурталчлах болсон Shein, иргэдийн ихээр ашиглах болсон “Temu”-гийн бүтээгдэхүүнүүд эрүүл мэндэд ноцтой аюул учруулахуйц болсныг монголчууд бид сайн мэдэхгүй.
2025 оны хоёр дугаар сарын 11-ний өдөр “Greenpeace Germany”-ийн зүгээс анхааруулга гаргаж, хийсэн судалгааныхаа тайланг танилцуулав. Тайланд дурдсанаар, Shein онлайн худалдааны хувцаснууд хортой химийн бодис агуулсаар байгааг илрүүлжээ. Судалгаанд орсон 56 хувцасны 18 (32%) нь Европын REACH стандартад заасан хязгаараас давсан хортой химийн бодис агуулж байсан бөгөөд үүнд нь хүүхдийн хувцаснууд ч багтжээ. Герман улсын лабораториор шинжилсэн бүтээгдэхүүнээс илэрсэн химийн бодисууд нэгээр тогтсонгүй, хэмжээ нь зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэд дахин илүү байв. PFAS-ийн дээд хязгаар давсан хэмжээ 3269 дахин их, фталат 200 дахин их агуулагдсан гэдэг ердөө л зах зух нь.
Л.Эрдэнэжаргалын "Temu тэргүүтний далд аюул" нийтлэлээс
5. Хоёрдмол хандлага
Нэршлийн тухайд, “Ambi” нь хоёрдмол, хоёр талын гэх утгатай латин гаралтай үг бол “vert” нь хандлага, чиглэл гэх утга илэрхийлдэг. Амбиверт хүмүүсийн гол онцлог нь интроверт, экстраверт хоёр туйлын зан чанарын аль, алийг агуулсан байдаг аж. Тиймээс сэтгэл судлаачид энэ төрлийн хүмүүсийг хоёрдмол хандлагатай гэж үзэн, тийн нэрийджээ. Зарим хүн киног кино театр үзэхийг чухалчилдаг бол зарим нь ямар ч эргэлзээгүйгээр гэртээ шимтэхийг илүүд үзнэ. Харин амбивертүүдийн хувьд аль, аль нь сонирхолтой сонголт. Тэд тухайн үеийн сэтгэл хөдлөл, нөхцөл байдлаасаа хамаарч сонголтоо хийх бөгөөд аль ч тохиолдолд тухгүйтэж, эвгүйцэхгүй. Тиймээс тэд тодорхойлоход хамгийн амаргүй улс аж. “Саармаг бүс”-ийнхэн цэнгээний газар, үдэшлэг зэрэг олон нийтийн арга хэмжээ дээр бусдад гайхалтай мэдрэмж төрүүлж, бүх хүнтэй нээлттэй харилцаж чадна.
Харин номын клуб эсвэл гэрт нь уулзахад дотогшоо, бага зэрэг хаалттай мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хамгийн сонирхолтой нь, амбивертүүд ч дотроо янз, янз. Тэднийг ерөнхийд нь хоёр ангилдаг бөгөөд дотогшоо чигтэй амбивертүүд нь нийгмийн орчин, хүмүүсийн дунд таашаал авч, хөгжилдөх дуртай ч ганцаараа байж өөрийгөө “цэнэглэх” зайлшгүй хэрэгцээтэй. Тиймээс тодорхой хугацааг өөртэйгөө өнгөрөөхийн тулд нийгмээс, гэр бүлээсээ тусгаарлагдах нь бий. Өөр төрлийн амбивертүүд нь олны дунд байхыг урьтал болгодог ч экстраверт зан чанартай хүмүүстэй харьцуулахад өөрийнхөө талаар эргэцүүлж, дүгнэж, бусдын үзэл бодлыг сонсох чадвар нь арай өндөр байдаг аж. Тэгэхээр “саармаг бүс”-ийнхэн интроверт, экстраверт чанарыг эн тэнцүү агуулдаггүй. Аль нэг тал нь түлхүү байх ч магадлалтай байдаг аж.
О.Даваасүрэнгийн "Саармаг бүс ба амбиверт" нийтлэлээс
6. Дурсамж үүтгэх нэхмэл
Нэхмэлийн тренд хүчээ авч буй өөр нэг гол шалтгаан нь залуусын "Fast Fashion" буюу түргэн хувцасны соёлоос татгалзах хандлага юм. Түргэн хувцас нь өнгөц харахад загварлаг, биед эвтэйхэн мэт боловч ихэвчлэн хямд өртөгтэй, чанар муутай материалаар хийгддэг. Тийм ч учраас эдэлгээ муутай, байгальд шингэхэд хэдэн зуун жил шаардагддаг байна. Тэгвэл энэ бүхний эсрэг “Slow Fashion” буюу удаан загварын чиг хандлага хүчээ авч эхэлжээ. Учир нь түргэн хувцас нь байгаль дэлхийд шингэхдээ 200 жил хүртэл хугацаа зарцуулдаг нийлэг материалаас бүрддэг бол гар нэхмэл эдлэл нь ихэвчлэн байгалийн гаралтай, удаан эдэлгээтэй байдаг аж.
Vogue сэтгүүлийн мэдээлснээр нэхмэлийг "Үе дамжин өвлөгдөх нандин хөрөнгө оруулалт" хэмээн тодорхойлсон байдаг. Учир нь нэхмэл бүтээгдэхүүн ердөө нэг улирлын тренд болоод хоцрох бус загварын ямар ч элементэд уусдаг уян хатан чанартай гэдгээрээ хэзээ ч моодноос гардаггүй. Тэр ч байтугай гар нэхмэл нь хэрэглэгч болон эд зүйл хоорондын дурсамжийг хэлхсэн "амьд" холбоос болж үлддэгээрээ загварын ертөнцөд гайхалтай сонголт байсаар иржээ.
И.Сарангоогийн "Нэхэх хувьсал" нийтлэлээс
7. Эхийн сэтгэлээр бичсэн минь...
Нэгэнтээ Д.Намдаг “Эхийн сэтгэлээр бичсэн минь үнэн” хэмээсэн нь бий. С.Оюун зохиолчтой ярилцсаны дараа хамгийн түрүүнд эдгээр үгс дотор минь гэнэтхэн харваж билээ. Хэн нэгэн хялбархан тодорхойлж болдоггүй эхийн сэтгэлийг тэр ээжийнхээ сүүлчийн мөчид дэргэд нь байгаагүй алдааныхаа харууслаас ургуулжээ. Сайн уран бүтээл хүний зүрхэнд хэзээ нэгэн цагт арилшгүй сорви болж үлдсэн үнэн эмзэглэлээс төрдөг шиг бодогдоно.
Тэр сүүлчийн минь асуултад яг л эх хүний хэн нэгнийг амархан буруутгаж зэмлэдэггүй, ямагт уучлан хэлтрүүлдэг сэтгэлээр ингэж хариулсан. Одоо бол олны яриа, оргүй хоосон цэцэрхэлийн аль нь ч түүний уран бүтээлд, дотоод сэтгэлийн нууранд булингар хөдөлгөхгүй. Тэр “Тань руу нүүж явна” хэмээх уран бүтээлийн мөнхийн нэгэн суварга босгосон. Тэр суварга бусдыг алгаа хавсарч, залбирал үйлдэхэд бус өөрсдийнхөө уугуул мөн чанарыг, дотоод сэтгэлийг, хүн хүнээ гэх тасрашгүй нандин холбоог ойлгож, ухаарахад зориулагдсан юм.
Б.Алтанхуягийн "Тань руу нүүж явна" нийтлэлээс
8. Сонголтгүй олимп
Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн удаах нөлөө нь өвлийн олимп, спортын уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой газруудын тоо хурдацтай буурч байгаа явдал юм. 1924 оноос хойш өвлийн олимп зохион байгуулахад ашиглагдаж байсан 21 цэнгэлдэх хүрээлэнгээс одоо ердөө 10 нь л байгалийн цасны түвшингээрээ уралдаан зохион байгуулах шаардлагыг хангана. Дээр нь хиймэл цасгүйгээр өвлийн олимп зохион байгуулах боломжтой газар дэлхий дээр ердөө дөрөв л үлджээ. Эдгээр нь Японы Нисеко, Оросын Терскол, Францын Валь д'Изер, Куршевель юм.
ОУОХ-ноос хойшид олимп зохион байгуулах боломжтой 93 байршлын цаг уурын нөхцөл байдлыг саяхан шинжлүүлсэн. Канадын Ватерлоогийн их сургуулийн судлаачид энэ төсөл дээр ажиллахдаа хэрэв эдгээр улс орнууд одоогийн уур амьсгалын бодлогоо үргэлжлүүлбэл зөвхөн 52 нь олимп зохион байгуулах боломжтой гэж үзжээ. Өөр нэг хувилбар яригдаж буй нь цөөн тооны газруудад наадмыг ээлжлэн зохион байгуулах аж.
Эдгээрээс нэг л зүйл тодорхой харагдаж байна. Өвлийн наадмыг өнө удаан жил уламжлан авч үлдэхийн тулд хойшид олимпод хиймэл цас ашиглах нь стандарт болох нь. Гэхдээ амжилтыг ганц цасан гадаргуу шийдэхгүй. Дасан зохицох чадвар, багийн шинжлэх ухаанч дэмжлэг, тоног төхөөрөмжийн нарийвчлал тамирчдын медалийн өнгийг тодорхойлно.
Цас өөрчлөгдсөн ч өрсөлдөөн хэвээр.
С.Лхагвасүрэнгийн "Цасгүй цагаан олимп" нийтлэлээс