
Шинэ судалгаагаар хэдэн сая жилийн өмнө асар том солир Хойд тэнгист унаж, аварга цунами үүсгэснийг тогтоосноор тус бүс дэх тогооны үүсэлтэй холбоотой олон жилийн маргаан эцэслэгдлээ.
Эрдэмтдийн тогтоосноор Silverpit Crater (Силверпит тогоо) хэмээх тогтоц нь 43–46 сая жилийн өмнө солир эсвэл сүүлт од Хойд тэнгисийн бүсэд унасны улмаас үүссэн бөгөөд энэ нь 330 фут (ойролцоогоор 100 метр) өндөр цунами бий болгожээ.
Силверпит тогоо нь Хойд тэнгисийн өмнөд хэсгийн далайн ёроолоос ойролцоогоор 700 метрийн гүнд, Английн Йоркширийн эргээс 80 милийн зайд оршдог.
Геологичид уг тогтоцыг анх 2002 онд илрүүлснээс хойш 3 км өргөн тогоо болон түүнийг хүрээлсэн 20 км орчим диаметртэй цагираг хэлбэрийн хагарлууд нь хэрхэн үүссэн талаар эрдэмтдийн дунд ширүүн маргаан өрнөж ирсэн юм.
Гэвч судлаачдын хийсэн шинэ судалгаагаар уг бүтэц нь Дэлхий дээр ховор тохиолддог солирын мөргөлдөөний тогоонуудын нэг болохыг баталсан хамгийн тод нотолгоо болсон гэж үзэж байна. Ингэснээр Силверпит тогоо нь Мексикт байрлах үлэг гүрвэлийн олноор мөхөлтэй холбоотой Чиксулуб тогоотой адил төрлийн тогтоцын ангилалд багтах болж байна.
Судалгааны баг компьютерийн загварчлал ашиглаж, далайн ёроолын дороос авсан шинэ сейсмийн зураглал болон микроскопоор шинжилсэн геологийн дээжүүдийг судалжээ.
Судалгааг удирдсан Уишдин Николсон нь Хериот-Ваттын их сургуулийн Эрчим хүч, геошинжлэх ухаан, дэд бүтэц ба нийгмийн сургуулийн тунамал чулуулаг судлаач юм.
Тэрээр “Шинэ сейсмийн зураглал бидэнд уг тогоог урьд өмнө байгаагүйгээр харах боломж олгосон” гэж хэлжээ. Мөн тус бүсэд өрөмдсөн газрын тосны цооногоос авсан дээжүүдээс тогооны ёроолтой ижил гүнд кварц болон хээрийн жоншны талстууд илэрсэн байна.
“Эднийг олох нь үнэхээр хадлан дундаас зүү хайхтай адил байлаа. Ийм бүтэц зөвхөн асар өндөр даралтын нөлөөгөөр үүсдэг” гэж Николсон хэлжээ.
Эрдэмтдийн тайлбарласнаар ийм микроскопын эрдсүүд нь зөвхөн солир мөргөлдөх үед үүсдэг асар өндөр даралтын нөлөөгөөр бий болдог тул уг үйл явдал болсон гэдгийг батлах хүчтэй нотолгоо болдог байна.

Зургийн тайлбар: хойд зүг рүү харсан өнцгөөс харагдах силверпит тогооны төв хэсэг болон түүнийг хүрээлсэн цагираг бүтцийг харуулсан дүрслэл. өнгө нь гүнийг илэрхийлнэ (улаан болон шар – гүехэн, хөх, ягаан – гүн).
Анхны судалгаануудад энэ тогтоц нь өндөр хурдтай солир мөргөсний улмаас үүссэн гэсэн дүгнэлтэд хүргэж байсан. Тэд дугуй хэлбэртэй, төв хэсгийн гол болон түүнийг хүрээлсэн цагираг хэлбэрийн хагарлууд нь солирын тогоонд түгээмэл ажиглагддаг шинж гэж үзжээ.
Гэвч бусад эрдэмтэд өөр тайлбар дэвшүүлж байв. Зарим нь газрын доорх давсны хөдөлгөөн чулуулгийн давхаргыг өөрчилснөөр ийм бүтэц үүссэн гэж үзсэн бол зарим нь галт уулын үйл ажиллагаа далайн ёроолыг нурааж ийм тогтоц бий болгосон байж магадгүй гэж үзэж байжээ.
2009 онд геологичид энэ асуудлаар санал хураалт хүртэл явуулсан бөгөөд тухайн үед олонх нь солирын мөргөлдөөний тайлбарыг няцаасан байна. Энэ тухай Geoscientist сэтгүүлийн 2009 оны арванхоёрдугаар сарын дугаарт дурдсан байдаг. Харин шинэ судалгааны үр дүн Nature Communications сэтгүүлд нийтлэгдсэн бөгөөд судалгааг Их Британийн Байгаль орчны судалгааны үндэсний зөвлөл санхүүжүүлжээ.
Николсоны хэлснээр ойролцоогоор 160 метрийн өргөнтэй солир баруунаас нам өнцгөөр далайн ёроолд мөргөсөн байна. “Хэдхэн минутын дотор 1.5 км өндөр чулуу, усан хөшиг үүсч, дараа нь нуран унаж, 100 метрээс өндөр цунами бий болсон” байна. Мөргөлдөөн далайн ёроолд хүчтэй дэлбэрэлт үүсгэж, бүс нутаг даяар асар том давалгаанууд тархсан байна.
Судалгаанд оролцсон Гарет Коллинз профессор энэ тогооны үүсэлтэй холбоотой 2009 оны маргаанд оролцож байсан бөгөөд шинэ нотолгоо маргааныг эцэслэсэн гэж үзэж байна. “Энэ тогоо солирын мөргөлдөөний үр дүн гэж би үргэлж боддог байсан. Одоо эцэст нь маргааныг эцэслэх нотолгоо олдсонд баяртай байна” гэж тэр хэлжээ.
Николсон мөн Силверпит тогоо нь маш сайн хадгалагдсан ховор төрлийн өндөр хурдтай солиртой мөргөлдсөнөөс үүссэн тогоо гэдгийг онцолсон байна.
“Дэлхий бол маш идэвхтэй гариг. Тектоникийн хөдөлгөөн болон элэгдэл ийм үйл явдлын ул мөрийг ихэнхдээ устгадаг” гэж тэр хэлжээ.
Одоогоор хуурай газарт солиртой мөргөлдсөнөөс үүссэн 200 орчим батлагдсан тогоо, далайн ёроолд ойролцоогоор 33 тогоо илрээд байгаа аж.
Судлаачдын үзэж байгаагаар энэ нээлт нь солирын мөргөлдөөн дэлхийн түүхэнд хэрхэн нөлөөлсөн болон ирээдүйд ийм мөргөлдөөн тохиолдвол юу болохыг ойлгоход чухал ач холбогдолтой юм.