
Олон улсын олимпын хорооноос Сенегалын Дакар, Диамниадио, Сали хотод залуучуудын зуны олимпын IV наадмыг зохион байгуулж, өнгөрөгч долоо хоногт хаалтаа хийлээ. Энэхүү наадам Африк тивд зохион байгуулагдсан анхны олимпын наадам гэдгээрээ онцлог байлаа. 14 хоногийн турш болсон олимпын наадамд 204 орны 14-17 насныхан 25 спортын төрөлд 153 багц медалийн төлөө өрсөлдөж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Наадмын хөтөлбөрт сагсан бөмбөг, жүдо бөх, хөнгөн атлетик, усанд сэлэлт, бокс, байт харваа, таеквондо, футзал, спортын гимнастик зэрэг 25 спортын төрөл багтлаа. Монгол Улсыг төлөөлөн жүдо бөх, дугуй, 3х3 сагсан бөмбөг, усанд сэлэлт болон элсний бөхийн төрлөөр 10 тамирчин өрсөлдсөн. Манай залуус энэ удаагийн наадамд тивээсээ шалгарч олимпын наадамд өрсөлдөх эрхийг авсан бөгөөд зарим төрөлд залуучуудын анхны олимпын медальтнууд тодорлоо.

Найман жилийн дараа эргэн ирсэн залуучуудын олимп Африкт болов
Олон улсын олимпын хорооноос өсвөр үеийн шилдэг залуусыг тодруулах зорилготойгоор өвөл, зуны олимпын наадмыг зохион байгуулж ирсэн. Залуучуудын анхны зуны олимпын наадам 2010 онд Сингапурт болж, 204 орны 14-18 насны 3524 тамирчин 26 спортын төрөлд өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байв. Энэ наадмаас хойш дөрвөн жилд нэг удаа залуучуудын олимпын наадмыг зохион байгуулж, ирээдүйн аваргуудыг тодруулж эхэлсэн. 2014 онд БНХАУ-ын Нанжинд, 2018 онд Аргентиний Буэнос Айрест болсон 2022 оны олимп коронавирусын цар тахлын улмаас хойшлогдсон ч найман жилийн дараа зохион байгуулагдахдаа Африк тивд болсноороо онцлог байлаа.
Африкийн соёлыг дэлхий дахинд түгээв
“Африк тив угтан авч, Дакар баярлан тэмдэглэнэ” уриан дор зохион байгуулагдсан наадмын нээлт болон хаалтын ажиллагаанд 204 үндэсний олимпын хорооны 2700 орчим залуу тамирчид болон дасгалжуулагч, албаныхан, хэвлэл мэдээллийн гээд өргөн бүрэлдэхүүндтэй баг оролцлоо. Сенегал Улсын ерөнхийлөгч Бассиру Диомайе Файе, Олон улсын олимпын хорооны Ерөнхийлөгч Кирсти Ковентри болон “Дакар-2026” наадмын зохион байгуулах хорооны дарга Мамаду Диагна Ндиайе нар наадмын хүндтэй төлөөлөгч байж орон бүрийн үндэсний олимпын хорооны төлөөллийг хүлээн авч уулзсан юм.
Африк тивийн тамирчдын амжилт онцгой байснаас гадна энэ наадмаар дамжуулан Сенегалын үндэсний өв соёл, олон үндэстний уламжлалт хөгжим, бүжиг, орчин үеийн урлагийг хослуулсан өргөн хэмжээний тоглолтыг дэлхий дахинд таниулсан юм. Нээлтийн болон хаалтын ажиллагааны ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд оролцогчдын тоо 11 мянгад хүрч, Африкийн соёл, өв уламжлалыг дэлхий дахинд түгээлээ. Энэ хэрээр наадмыг зохион байгуулагч Сенегалын зохион байгуулах хороо олон улсын олимпын хорооны өмнө хүлээсэн үүргээ өндрөөр үнэлүүлж чадсан юм.
Сенегалын нэг сая гаруй хүүхдэд олимпын үнэт зүйлсийн боловсрол олгожээ
14 хоногийн турш болсон олимпын наадмын үеэр Сенегалын уламжлалт хөгжим, бүжиг, гар урлал, үндэсний хувцас, хоолны соёлыг танилцуулахын зэрэгцээ орчин үеийн Африк урлаг, хип-хоп хөгжим, гудамжны урлагийн үзүүлбэрүүдийг олон нийтэд хүргэжээ. 200 гаруй орноос очсон залуус спортоор өрсөлдсөн ч тив алгассан нөхөрлөлөө тэлснээс гадна соёл, уламжлалаар аяласан дурсамжит түүхийг бүтээсэн юм. Наадмын үеэр олимпын аварга болсон 42 тамирчин Сенегалд очин туршлагаасаа хуваалцаж, их спортын ялалт, ялагдлын тухай цуврал танилцуулгыг хийж, тив тивийн залуустай дурсамж бүтээжээ.
Олимпын боловсролын хүрээнд Сенегалын 11 мянган сургуульд суралцдаг нэг сая гаруй хүүхдэд олимпын үнэт зүйлсийн боловсрол олгосон нь наадмын чухал үр дүнгийн нэг. Наадмын үеэр Сенегалын уламжлалт сабар, джембе бөмбөрийн хэмнэл, бүжиг, үндэсний тоглоомоос гадна орон нутгийн гар урлал онцгой анхаарал татсан.

Монголын багийн медалийн эхлэлийг Т.Төгсхүслэн тавилаа
Манай улс өмнө нь залуучуудын зуны олимпын наадмаас гурван алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн. Тэгвэл энэ амжилт дээр дахин хоёр хүрэл медаль нэмэгдлээ.
Залуучуудын наадамд оролцож байсан олон тамирчин хожим олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт гаргасан юм. Тодруулбал, Олимпын хүрэл медальт, дэлхийн аварга, жүдоч Ц.Цогтбаатар, дэлхийн аварга, олимпын наадамд гурван удаа өрсөлдсөн хүндийн өргөлтийн М.Анхцэцэг нарын олон шилдэг тамирчин бий. Мөн залуучуудын олимпын анхны наадмаас чөлөөт бөхийн төрлөөр Б.Батцэцэг, гимнастикаар Г.Эрдэнэболд нар алтан медаль авчирч байсан түүхтэй. Энэ наадмаас хойш алтан медалийн буухиа тасарсан ч мөнгөн медалийг “Наньжин-2014” олимпиос Б.Дөлгөөн нарын олон тамирчин хүртсэн. Тиймээс “Дакар-2026” наадмаас бид битүүхэн алтан медалийн ялалтын торгон агшинг харахыг хүсэж байлаа. Энэ удаа манай багаас жүдо бөхийн төрөлд Т.Төгсхүслэн медалийн тавцанд зогсож багийнхаа амжилтыг эхлүүлсэн юм. Тэрээр эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд өрсөлдөж хүрэл медалийн төлөөх барилдаанд олимпын дүрвэгсдийн багийн тамирчин Ботай Арно Яфунгаг ялж, медалийн тавцанд зогссон.
Т.Төгсхүслэнгийн араас усанд сэлэлтийн тамирчдаас Э.Энхмэнд эрэгтэйчүүдийн 200 метрийн мэлхий төрлийн финалд шалгарч улмаар долоодугаар байрт шалгарсан. Бидний найдвар болсон 3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг хэсгийн тоглолтод Венесуэлийн багийг хожиж, шөвгийн наймд шалгарах болзлоо хангасан юм. Улмаар манай залуус талбайн эзэн, энэ наадмын аварга Сенегалын багт ялагдсан. Мөн үүний араас боксын төрлөөр анх удаа оролцсон Э.Анужин охидын 65 кг-ын жингийн шилдэг наймд үлдэж, Г.Ариунхүслэн дугуйн спортын эмэгтэй төрөлд анх удаа оролцлоо.

Элсний бөхийн Э.Анужин итгэл алдсангүй медальд хүрэв
Залуучуудын олимпын наадамд анх удаа багтсан элсний бөхийн төрөлд Налайх дүүргийн тамирчин, 17 настай Эрхэмбаатарын Анужин Ази тивээсээ шалгаран залуучуудын олимпын эрхийг авсан. Тэрээр дасгалжуулагч Д.Мөнхбаярын удирдлага дор бэлтгэл сургуулилалтаа хангаж, Сенегалыг зорьсон юм.
Эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Э.Анужин Хорватын бөх Радос Эмануэла, Сенегалын бөх Манга Мэри, АНУ-ын Апостол Алея нарыг дараалан ялж, хагас шигшээд Доминиканы тамирчин Росадо Валерио Ёлайнид дийлдсэн. Тэрээр Египетийн тамирчин А.Малакыг 6:2-оор ялж, залуучуудын олимпын наадмын медальтан болсон юм. Мөн тэрээр эх орондоо элсний бөхөөр залуучуудын олимпын анхны медалийг авчирлаа. Энэ нь Монголын багийн энэ удаагийн хоёр дахь хүрэл медаль болж, багийн амжилт дахин урагшилсан юм.
Монгол Улс 85-р байрт жагслаа
“Дакар 2026” наадмаас 61 орон аваргын алтан медальтай буцсан бол 99 орон ямар нэгэн медаль хүртлээ. Багийн дүнгээр БНХАУ 18 алт, найман мөнгө, долоон хүрэл, нийт 33 медальтайгаар тэргүүлсэн бол Япон улсын баг 11 алт, найман мөнгө, есөн хүрэл медальтайгаар удаалсан. Наадмыг зохион байгуулагч Сенегалын баг таван алт, долоон хүрэл медаль хүртсэн амжилтаар 6-р байрт жагслаа. Тэдний таван алтын гурав нь элсний бөхийн төрөл аж. Сенегалын баг элсний бөхөөс гадна 3х3 сагсан бөмбөгөөс эрэгтэй, эмэгтэй баг нь алт, хүрэл медальтай үлдсэн юм.
Наадмын эхний 10-т ОХУ, Египет, Этиоп, Сенегал, Франц, Кени, Өмнөд Африк, Хорватын багууд жагссан. Харин Ази тивээс Энэтхэг, Казахстаны баг хоёр алттай 21-22-р байр, Хонконг 27-р байр, БНСУ нэг алт, гурван мөнгөтэй 40-р байр, Вьетнам хоёр мөнгөн медальтайгаар 65-р байрт жагслаа. Монгол Улсын баг хоёр хүрэл медальтайгаар Буркино Фасо, Нигерийн хамтаар 85-р байрт бичигдсэн юм. Энэ наадмаас Чили, Конго, Кыргизстан, Латви, Катар, Швед зэрэг 12 орон нэг хүрэл медаль авснаар 88-өөс 99-р байраар наадмыг өндөрлүүллээ.

