Цагаатгал хэмээх үгтэй сөргөж эсвээс тэрсэлдэхүйц хоёр шалтгаан бий. Мэдээж эл үгийг уран зохиолтой харгалдуулсны үндсэн дээр шүү дээ. Учир нь сайн номыг тухайн цаг үед нь бус хэдэн зууны дараа ч мөн чанараа гээлгүй, тэдгээрт гарах дүрүүд, үйл явдлыг одоогийн нийгмийн тогтолцоон дээр хүчээр нялзааж, сайн, мууг нь дэнслэх стандарт заримдаа утгагүй санагддаг. Сайн зохиол уншигчдад хүрсэн тухайн цаг үедээ ч мөн үнэлэгддэг. Цаг хугацаа юмсыг элээдэг ч тодорхой хязгаарлагдмал хүрээн дотроо ухамсрын хүчийг задалж, далан сэт татах үерийн ус шигээр садрааж орхидоггүй билээ. Харин удаах нь тухайн мөчид үнэ цэнийг нь ухаж тунгаагаагүй боловч хожим нь шидээвэрт зүй ёсоор багтааж цэцэрхлийн титэм өмсгөх. Жишээ нь Акутагавагийн “Гэгээрлийн эрин үеийн аллага”-аас үүдэлтэй бие арзайлгаж, арьс хөрзийлгөм домог түүхийн сүлэлдээн болсон бүтээлүүдийг орчин үеийн стандартад шууд нийцүүлэх нь шударга бус биш гэж үү? Тэгж гэмээнэ суут бүтээлүүд хохирдог. Акутагавагийн сэтгэл түгшээсэн уран зохиолын асар баян өв нь өөр өөр оршихуй, тэрхүү оршихуйн үндсээ эрэн бэдрэх дүрүүдийн зан чанар, сэтгэлзүйн өвөрмөц тохиолуудаас эрс ондоо мөн чанартай.
Тэрээр “Адууны хөл”, “Лусын орноо” зэрэг зохиолуудаар дамжуулан хүн төрөлхтний сэтгэлзүйг цоо шинээр нээн үзүүлснээс гадна нийгмийн ёс зүйг зад шүүмжилсэн байдаг. Ханзабуро үхлийн савраас мултарсан ч адууны хөлтэй болчихсон учир нь ердөө л ертөнцийн зүй тогтлыг хийсвэр сэтгэлгээний үүднээс эсэргүүцэж, этгээд санаагаар дүн шинжилгээ хийсэн төдийхөн биш. Энэ бол гарцаагүй үр дагавараас гадна зайлшгүй тохиолдлын өмнөх, байгалиас хэтийдсэн хүчний тухай эргэцүүллээс бүтсэн туурь шиг санагддаг. Дээр нь хүмүүсийн хөөсрөл, хайр сэтгэлийн хүчийг бахдан номлодог өчүүхэн бид гоо зүйн өмнө хэчнээн сул дорой болохыг үнэнээр нь илчилж уншигчаа хөөрхийлөлтэй ахуйд нь буцаадаг зохиол. Харин богино өгүүллэгүүддээ тун хачирхам байдлаар ихэд нигүүлсэнгүй хандсан нь “Огин”, “Ач хариулах тухай түүх” зэргийг нэрлэхэд хангалттай. Ерөөс “Адууны хөл” болоод “Рашёомон хаалга”, “Хоёр Комачи” зэргээс ямар нэгэн сүнслэг нөлөө хүчтэй мэдрэгддэг нь японы аман зохиолын уран зөгнөлтэй холбоотой болов уу. Авга эгч Фуки нь түүнийг эртний японы ардын аман зохиолтой багаас нь танилцуулжээ. Тэр үеэс л Акутагавагийн ертөнцөд ид шид үйлчлэх болж тэдгээрийг айдсынхаа эсрэг зэвсэг болгон ашигласан байна. Үнэндээ хүн байхаас айх айдас түүнийг бүхэлд нь эзэмдсэн агаад хоргодож болох саруулхан газар, өөр ертөнцийн тохилог, амар амгалан сууц бол зөвхөн ном байлаа. Хожим нь уг сууцанд По, Бодлер, Анатоль Франс, Стриндберг, Флобер, Достоевский нар зочилсны хойно тэрээр тун удалгүй өөрийн шинэ гэрийг барих болсон юм.
“Адууны хөл” гэхэд л зүгээр нэг биологийн гажиг төдийхнөөр цэнэх бүтээл биш. Харин хүний ухамсарт нэвтэрсэн ёс суртахууны гажуудал, нийгэм болоод хувь хүн хоорондын үл ойлголцлыг гоо зүй ба жигшүүр хоёрын огтлолцол дээр өрсөн бүтээл. Нөгөөтээгүүр Ханзабурогийн бие махбодын өөрчлөлт нь сэтгэлзүйн задрал, уналт, доройтол, сэргэлт зэрэг бүгдийг агуулсан биет хэлбэр агаад мөнөөх үзэшгүй муухай хөл нь хүний оюун санааны “үнэн төрх” билээ. Учир нь оюун санаанд ямагт тааварлашгүй зүйлс өрнөж, нуугдаж байдаг бөгөөд Акувагава түүнийг адууны хөлөөр илэрхийлсэн хэрэг.
Тиймдээ ч тус бүтээл нийгмийн амьдралын доголдол, хууль хэмээх нэрийн дор явагддаг харгислал, хүний бараан зан чанар, хүсэл шуналыг урвуугаар ашигласан эрх баригчдын төрхийг ёгтолсон гашуун зөгнөл юм. Таны дотор ямар нэгэн жигшил, зэвүүцэл үргэлж нуугдаж байгаа. Энэ нь Ханзабурод суулгасан адууны хөл. Харин зохиолчийн хувьд бол уг хөл нь хүн байх тавиланг үгүйсгэх дотоод эсэргүүцлийнх нь нэг хэлбэр хэмээн авч үзэж болно.
Ухамсрын урвуу толь
-660x0.png)
Түүнийг амиа тэвчсэн жил буюу 1927 онд хэвлэгдсэн “Каппа” бол ер бусын урвуу хэлбэртэй соёлын цочролоос гадна хүн төрөлхтний мөн чанар, иргэншлийн тогтолцоог цаг хугацааны хоёр орон зайд зэрэгцүүлэн тавьж егөөдсөн адармаатай зохиол. Уэлсийн “Цаг хугацааны машин” романд өгүүлсний адилаар үзэл бодлын талаас илтэд дэмжсэн өгүүлбэрүүдтэй тааралдаж болох ч егөөдөл нь үргэлж эсрэг чиглэлтэй байдаг.
“Каппа” нь хүн төрөлхтний тухай, хүний төгс бус чанарын талаар болон нийгмийн бүхий л хуурмаг сэтгэлгээг хүйтэн инээмсэглэлээр дүрслэн үзүүлсэн шог зурагтай төсөөтэй бүтээл болохоос гадна хувь оршихуйн ухамсрын чинадаас цуурайлсан итгэл найдвар, эмх замбараагүй шаналалыг хооронд нь сүлэлдүүлсэн цогц бичвэр юм. Акутагава уг бүтээлдээ орон зай, цаг хугацаа, ухамсар, нийгмийн тогтолцоо, биологийн зүй тогтол, гүн ухааныг тэр чигт нь урвуу харуулж орхиод бүгдийг нь нэгэн зэрэг няцааж, мөн чанарыг нь дахин шинэчилсэн. Өмнө нь ямарч ухамсарт бодгаль үр удмаа төрүүлэхийн өмнө оюун санаандаа “анхаарал болон асуулт”-ын тэмдгийг тавьж байсангүй. Харин “Каппа”-гийн нийгэмд бол “Төрөх үү, төрөхгүй юу” гэх сонголтын өмнө аваачдаг нь өнөөгийн нийгэм дэх чөлөөт ухамсрын талаарх гүнзгий егөөдөл билээ. Гэвч тус сонголтыг ямар нэгэн байдлаар тодорхой мэдлэг хуримтлуулсны үндсэн дээр хийх, эсвээс зөнгөөрөө энэ бүхэнд татагдах хоёрын аль нь зөв болохыг хэрхэн ялгаж таних вэ? Ерөөс Акутагава иргэншлийн соёлыг “алдаатай программ” хэмээн дүгнэж, бид өөрсдийн оршихуйг бүрдүүлж буй бүтэц болгоныг нарийн задлан шинжлэх цаг ирсэн болохыг сануулдаг. Ингэж л японы домог зүйн нэгэн бэлгэдэлт дүр, домгийн сүнслэг амьтан болох Каппагийн ертөнц уншигчдын өмнө сүндэрлэн боссон агаад энэ нь үнэндээ хүн төрөлхтний оюуны санааны параллель хөрөг байв.
Акутагава ямар ч бүтээлдээ сургааль номлол, эсвээс гэгээрлийн тунхаг бичиж байсангүй. Түүнийхээр оршихуй ямагт дахин нэг удаа давтагддаг. Гол нь дахин төрөх тэрхүү оршихуйд хүн өөрийгөө аврах гэж бус ухамсрын гүнээс үелзэн бий болох аниргүй, амар амгалан тайтгарлын цүнхээлд живэх хүсэлтэй байдаг хэмээн дүгнэх боломжтой. Энэ бол түүний уран зохиолын ертөнц дэх гол үзэл санаа. Тиймээс гэгээрэхийн тулд бус уужим амьсгалах орон зай чухал. Нэгэтээ Акутагава “Миний бүх зүйл үнэ цэнгүй. Гэвч тэрхүү үнэ цэнгүй бүхнээс л асар их шаналал төрдөг” гэжээ. Энэ л шаналал, аргаа барсан цөхрөлийн оргил мөчид “Каппа” төрсөн юм.
Цаашилбал Каппагийн нийгэмд хүн төрөлхтний үнэт зүйлс хэрхэн гажуудсаныг бид харах болно. Жишээ нь тэрслүү найрагч Гэ өөрийгөө шүлэг бичихийн тулд амиа егүүтгэсэн гэж зарладаг. Уг дүр бол нийгмийн зусардалт, уран бүтээлчийн нэр төрд донтох хүслийг илэрхийлэх агаад тэрээр хэрхэн хүн бус харин нэр хүндийн баримал төдий зүйл болон хувирсныг тод томруун илтгэж чадах сэтгэлзүйн “архетип” дүр мөн. Тэгээд ч уг ертөнцөд зохиолч, гүн ухаантнууд, хөгжмийн суутнууд хоорондоо ярилцдаг хэсэг дээр “Яруу найргийг чамлаж, гүн ухаанд эргэлздэг бол зохиолч байхын хэрэг юу билээ?” гэх асуултыг нэг нь тавьдаг. Яг л яруу найрагч Гэгийн сэтгэлзүйн зөрчилтэй дүйцэх асуулт. Амьдралын сүүлийн мөчүүддээ Акутагава өөрийн дотоод ертөнцдөө хэрхэн зөрчилдөж, цөхөрч байсны илрэл. Учир нь яруу сайхан, гоо зүй, тансаг илэрхийлэл, төгс дүрслэлийг агуулсан уран үгсээс “үнэн”-ийг олно гэдэг хариулт бус асуулт байж таарчээ. Тэгээд л үнэнийг зөвхөн Каппагийн ертөнцөд орших түрэмгий бус галзуурал, буруу хэм хэмжээний дотор багтаан дүрсэлсэн хэрэг. Зарим талаараа урлаг ямагт бодит оршихуйгаас илүү байж таарахгүй хэмээх Хэссэгийн зарчимтай харгалдаж байх шиг...
Дотоод шугам хийгээд сүүдэр
-660x0.png)
Каппагийн ертөнцийн талаар уншигчдад өгүүлэх хүүрнэгчийн дүрийг оновчтойгоор тодорхойлно гэдэг хэцүү ажил. Энэ талаар судлаачид үргэлж маргалдсаар ирсэн. Тэр үнэхээр өвчтөн үү, эсвээс гэгээнтэн үү, зөнч үү, зүгээр л нэг айдсаас мултрах арга саам хайхдаа галзуурлын хадан хавцлаас ниссэн нэгэн үү гэдгийг ойлгоход бэрх. Тэгээд ч түүний нүдээр үзсэн Каппагийн ертөнц үнэн бодит уу, эсвэл эмгэг туссан оюуны санаанд л биежих боломжтой зүүдний биелэл үү? Зохиолыг хэчнээн уншлаа ч “Ширэнгэд болсон явдал”-ын алуурчныг эрэхтэй адил төөрөгдөлд орно.
Харин эс төөрөлдөх нэгэн чухал зүйл гэвэл Акутагава гагцхүү хүний өөрийгөө “ойлгох” (энэ нь өөрийгөө олох, таньж мэдэх гэдэг ойлголттой хамааралгүй) гэсэн мятрашгүй, оргилсон их тэмүүлэлд л итгэдэг байсан нь анзаарагдана. Тиймээс л “Каппа”-д уран зохиолыг туурвих нь үнэнийг олох бус харин үнэний нэрээр халхавчилсан төөрөгдлийг нээн харуулах хэрэгсэл мөн гэж үзсэн байдаг.
Тиймээс л бодит ертөнцийн хууль үл үйлчлэх эл хаос ертөнц яг л шүлгийн ганц мөр шиг юмсын цаад дэс дараалал, цаг хугацааны цэвэр урсацыг ямагт нууцалж зөвхөн зөн сэрэхүйгээр өөртөө нээж болох танин мэдэхүй рүү хөтөлнө. Хүмүүс ямар нэгэн мэргэжил эзэмшиж, түүнийхээ дагуу хүлээсэн үүрэг, хариуцлагыг тээж явдаг. Харин түүн дотроо ямагт өөрийгөө үнэлэх үнэлэмж, баатар болох эрмэлзлийн сүүдрийг агуулдаг бол Каппагийн ертөнцөд бүх зүйл ил тод, хамгийн гутамшигтай байдал ч томруулдаг шилээр харж буйтай адил бүрхүүлгүй байдаг. Нэгэн хөгжмийн зохиолч “Шинэ хөгжмийг хүмүүст чадах чинээгээрээ ойлгомжгүй байлгахын тулд л зохиож байна” гэж үнэнээ улайдаг шүү дээ. Тухайн үед магад үүнийг утгын төөрөгдөл, Акутагавагийн хэтэрхий гэмээр гутранги гоо зүйтэй холбон тайлбарладаг байсан биз. Өдгөө ч ийм. Гэтэл одоо бол урлагийг туйлын ухаалаг гэж дүгнэх боловсролтой нэгэн олдохгүй л болов уу. Урлаг, үнэн гээч нь яг л Каппа нарын нийгмээс дээрдэх зүйлгүй болохыг уг үзэл санаа гэрчлэн харуулна. Үүнд бас л нарийвчилсан тайлбар шаардлагатай. Бид ямарваа нэгэн зохиолыг уншиж байснаа гэнэтхэн больж, эсвээс түүн дотроос өөрийнхөө хачирхалтай, эвгүйцэм тусгалтай нүүр тулах тохиолдол бий. Үгүй аваас тийм тохиол гарвал яах вэ хэмээн төсөөлөөд үзье л дээ. Харин “Каппа”-д тийм толь байгаа. Уншигч түүнд хамгийн жишгмээр төрх, зан авирынхаа биежсэн дүрийг харах болно. Бусдын бус өөрсдийн гажиг авир, хүлээн зөвшөөрөхөөс дөлдөг үнэний бүрхэг, муруй дүрсийг үзнэ. Яг л ухамсрын чинь гүн дэх харанхуйд нуугдсан сохор хүн гэнэт л толинд өөрийгөө олж үзэхтэй адил. Ийм хийсвэрлэл, дүрслэлийн онцгой чанар Акутагавагийн онгод мөн.
Тэрээр амьдралын сүүлийн жилүүддээ бусдад үл итгэх, бодит байдлаас хэзээ ч найдвар олохгүйдээ цөхрөн шаналж, төгс төгөлдөрт дур гутах мэдрэмж нь улам улмаа гүнзгийрсэн. Тийнхүү хүний ёс зүй, бодит ахуй, уран зохиол, урлагийн үнэ цэнийн тухай ойлголтууд нь хоорондоо эмх замбараагүй байдлаар сүлэлдэн нэгдэж ямар нэгэн тайлбарлаж хүчрэшгүй “сүүдэр”-ийг биежүүлжээ. Тэр сүүдэр бол “Каппа”. Уншигчид ердөө л итгэл найдвараасаа татгалзаж, харуусал, цөхрөлөөр хань хийж, гэрэл үүсгэсэн өөр ертөнцийн хэлмэрчийн бүтээсэн сүүдрээс оч хайн бэдэрч байгаа юм. Бид бүхний дотор чимээгүй сүлжилдэн орших мушилзсан хүйтэн инээд, зөрчил, цөхрөл бүгд үг болон хэлбэржих мөчид хэлмэрч маань ажлаа дуусгадаг. Тэгээд ч хүүрнэгч нь сэтгэцийн эмнэлэгт хэвтэж байгаатайгаа болон амьдралын бодит үнэнтэй эвлэрч чадаагүй нэгэн байлаа ч түүний өгүүлсэн бүхэн өөрсдийн маань ухамсрын цуурай адил сонстсоор байх болно.
Үл ойлголцлын хэл
Каппа нар хоорондоо үгээр харилцах боловч бие биенээ төдийлөн сонсдоггүй. Үнэнийг чангаар хашхиран хэллээ ч энэ нь хүн төрөлхтний ойлгож хэвшсэн сэтгэлгээний хэв загвараас ямагт ангид байдаг. Жишээ нь эх хүн хүүхдээ төрүүлэх эсэхээ шийдэх нь ёс суртахууны хувьд зөрчил шүү дээ. Төөрөгдлийн бэлээхэн хэв загвар. Энэ нь Акутагавагийн үзснээр харин шийдвэр, сонголт бус эргэлзээгээ давах шалгуур байсан гэж таамаглаж болно. Тэгээд ч бид ёс зүйтэй амьдардаг болж жүжиглэвч тэрхүү ёс зүй нь үнэн гээч ойлголтын өмнө ердөө хөөс төдий билээ.
Нөгөөтээгүүр хачирхалтай нэг дүгнэлт бий. Амьдралын бүхий л юмс ямар нэгэн учир шалтгаанаар хоорондоо сүлбэлдсэн байх нь бий. Ертөнцийн зүй тогтол ч ийм гэж хүмүүс ойлгодог. Харин Каппагийн ертөнцөд орон зай, цаг хугацаа, ухамсар, хүсэл, шунал бүгд хоорондоо уусан нэгдэснээ буцаад задарч байдаг. Энд логик хууль үйлчлэхгүй. Нэг ёсондоо үйлдэл болгоны цаана учир шалтгаан байх албагүй гэсэн үг. Эсвээс ямар нэгэн үйл хөдлөлийг ухамсар тайлах боломжгүй. Тиймээс л тайлбарлах, ойлгох оролдлогоос татгалзаж орхино. Иймдээ ч “Каппа” бол зохиол биш ямар нэгэн гойд санаа, дэвшүүлсэн үзэл санаагаа тодорхойгүй оролдлогуудаараа баллаж орхисон тэмдэглэл гэж үзэх нь бий. Гэвч үнэндээ энэ нь бидний тайлбарлаж хүчирдэггүй нөгөө л ухамсар, оюун санааны цуурай гэж маргамаар байна. Хуурмаг мэдрэмжүүдийг ил гаргаж, хар дарсан зүүдэндээ өөрийгөө харж буйтай адил. Акутагавагийн энэхүү ер бусын гэмээр зэвүү хүргэм атлаа шударга зарчим бол уншигчийн ёс зүйн мэдрэмжийг үл ойлгох хэлээр, зорилготойгоор гажуудуулж байдагт оршино.
Зохиолд гарах өөр нэгэн яруу найрагч гутрал, хоосролынхоо дундаас нэгэн гэрэл сүүмэлзэхийг олж үздэг. Тэрхүү итгэл найдвар нь үхэл байдаг шүү дээ. Тэр өгүүлшгүй их баяр баясгалантайгаар үүнийг хүлээн авна. Акутагавагийн дүрслэн бичсэнээр хамгийн хүлцэнгүй, ариун дээр хэлбэрээр тэр сонголтоо хийдэг. Тэгэхээр зохиолчийн ертөнцөд үхэл гэдэг бол аливаа нэгэн ёс суртахууны хориг цээрт үл баригдах чанартай эд байж таарна. Зөвхөн үхэл л хамгийн шударга зүйл гэж тэр үзжээ. Мэдээж энэ хүртэл номыг унших зуураа уншигч эдгээр утгагүй үйлдэлд хэдийн дассан байх боловч хэрхэн, яаж дассанаа ойлгохгүй боловч мэдрэмжээ ямар ч хориггүй зөвшөөрч эхлэх болно.
Дээрх бүгдийг дахин нэг нягтлаад үзвэл Каппа ёс зүйг шүүмжилсэн бүтээл яавч биш гэдэг нь тодорхой. Харин түүнийг баяр баясгалангаар хулдсан хүйтэн “анатоми” юм. Зохиолын үзэл санаа нь уншигчийн дотоодод хөөр баяртайгаар үүсэн биежчихээд чимээгүй, алгуурхнаар эрхтэн болгоныг нь идэж эхэлдэг. Өнөөх хөөр баяр нь инээд бус яралзсан цагаан шүд, хөгжөөн бус ухамсрын уй гашуу байв. Үүнийг ойлгосон нэгэн зохиолын хүүрнэгчийн адил “сэтгэцийн эмгэг”-тэй хэмээгдэж, ойлгоогүй бусад “эрүүл саруул ухамсартай” хүмүүс гэгдэнэ.
Хэн нэгэн надад ямар нэгэн чухал зүйлийн тухай шивнэхэд би л хувьдаа төдийлөн анхаардаггүй. Харин мөнөөх шивнээ хамгийн сул дорой, эмзэг хэсгийг минь оноход сая анхаарал хандуулна. “Каппа”-г илүү сайн ойлгоход энэ л тусална.
Тэр бидэнтэй яриагүй

Акутагавийн бичлэгийн өнгө аяс, магад түүний өөрөөсөө олж хардаг жигшил, урлагийн талаарх ойлголтыг нэвт шингээсэн “Лусын орноо”, “Тамын тарчлаан” хэмээх тууриуд нь ихэд алдартай.
“Тамын тарчлаан” туурь нь зураач Ёсихидэ өвгөний түүхийг өгүүлэх боловч мөн л ёс суртахуун, бүтээлч сэтгэлгээ хоёрын зааг дээрх хэт туйлширлыг яг тухайн уулзвар дээр нь тасдаж орхих шиг болдог. Тиймдээ ч Ёсихидэгийн гарт буй бийр тамын орныг зурж байгаа бус там өөрөө тэрхүү бийрийг атгаж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг.
Ёсихидэ юуны учир зургийн өгүүлэмж бүрийг бодит ахуй дээр бий болгож хуулбарласан хэрэг вэ? Тэр үнэхээр төгс урлаг бүтээхийн төлөө “Ганцаардлын там” өгүүллэгтээ дурдсан шиг зовлонд тарчилав уу? Үүнийг зөвхөн уран бүтээлчийн дотоод зөрчил, бүтээхүйн тэмцэлтэй холбон тайлбарлавал мунхаглал болно. Харин ахуй дахь хувь хүний сэтгэцийн эмзэг байдал, ёс зүйн хязгаарыг давсан шуналд нуугдаж байгаа сүүдрийг илчлэн харуулсан санагддаг. Бүтээх үйлийн хир буртаггүй чанар, бузар үйл хэргийн зааг ч охиноо шатаж буйг харах зураачийн нүдэнд балархай хэвээр байдаг. Ерөөс гоо зүй зөвхөн цөхрөл, шаналан дунд нээгддэг бол авьяасыг гагц золиос, эмгэнэл хоёр тэжээдэг ба үнэнийг гойд сайхнаар дүрслэн үзүүлбэл тэсэж тэвчимгүй боловч холдож үл чадах “гал” байх болов уу.
Харин “Лусын орноо” бүтээл нь хувь хүний мэдрэмж, хүсэл, зан авирын элдэв тодорхойлт эцэстээ тулаад зогсчихсонд үл итгэх олон талын сэтгэцийн хувирлын нөлөөгөөр урласан өвөрмөц илэрхийлэлтэй бүтээл. Гол дүрийн хийж буй аялал нь гадаад ертөнц бус дотоод дахь оюун ухааны нууцлаг, хөндөгдөөгүй булшыг нээх, түнэр харанхуй буланг гэрэлтүүлж үзэх явдал юм. Лусын орон далай адил гүн гүнзгий, ус мэт нэвт тунгалаг, зуурдын үзэгдэл адил хийсвэр боловч тэрхүү газарт нэвтэрсэн хүн сүүдэртэйгээ нүүр тулахаас өөр сонголтгүй болдог. Зохиолч уг туужаар дамжуулан хязгааргүй хүсэл шунал, ухамсрын мөн чанарыг өвөрмөц байдлаар нээж үзүүлж, этгээд хэлбэрээр тайлбарласан байдаг. Энэ бол бурханлиг үйл хийгээд жигшүүрт явдлын хослол болсон тууж агаад уран зохиолын хэлээр бидний танин мэдэхүйн хүргээг хил зааггүйгээр тэлээд зогсохгүй, хязгааргүйгээр төсөөлөх айдсыг өдөөдөг.
Уран зохиолын уг өвөрмөц бичлэгийн хэлбэр, дүрслэлийн аргаас нь үзэхэд Акутагава анхдагч байж болох. Гэвч түүнийг юу өөр ертөнцийн хэлмэрч болгож байна вэ? Үнэндээ хэлмэрч гэдэг бол анхдагч дуу хоолой биш. Тэр зөвхөн аль аль талын үнэний тэхий дунд оршино. Энэ утгаараа Акутагавагийн бүтээлүүд өөрийн дотоод хоолойг сонсож чадахгүй байгаа хүмүүст зориулан барьсан гүүр билээ. Бүтээлийнх нь хүүрнэгчийн ярианд гэнэтийн өвдөлт, угжирсан гутрал, гүн ухаан, элэглэл, айдас, үүрдийн шаналал, үгүйрлээс авах тайвширал зэрэг бүхий л сэтгэл хөдлөлийг багтаасан олон давхар утга агуулагдаж байдаг. Түүн дотроос уншигч өөрийгөө олж харах л хамгийн чухал. Та өөрийнхөө ямар сүүдрийг таньж, олж үзсэнийг хэн ч мэдэхгүй тул жийрхээд хэрэггүй гэж зөвлөе.
Акутагава бол хүн бүрийн дотор орших боловч хэзээ ч бүрэн нээж чадаагүй ухамсрын ертөнцийн хэлмэрч юм. Тэр бидэнтэй яридаггүй. Харин бидний доторх, ухамсарт чимээгүй суусаар он удаж байгаа өтөл нэгэнтэй харилцдаг. Тэр хэзээ ч асуулт тавихгүй атлаа хариултыг нь хэлж өгдөг. Тэгээд л чимээгүй гараад явчихна. Яг л яруу найраг шиг...
Б.Алтанхуяг