
Ираны дайнаас үүдэлтэй саатлын дараа дэлхийн хамгийн том газрын тос боловсруулагч Хятад улсын үйлдвэрлэл хэвийн голдирдоо орж эхэллээ. Үүнтэй холбоотойгоор тус улс 7-р сарын үлдсэн хугацаанд боловсруулсан түлшний экспортын хязгаарлалтаа цуцалж, хувийн хэвшлийн нэгэн үйлдвэрт дөрвөн сар зогсоод байсан тээвэрлэлтээ үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн тухай эх сурвалжууд мэдээлэв.
"Rongsheng Petrochemical" компанийн эзэмшдэг "Zhejiang Petrochemical Co" компани экспортоо гурван сар гаруйн хугацаанд зогсоосны эцэст ийнхүү 7-р сард түлш экспортлох зөвшөөрөл авсан тухай мэдээллийг дөрвөн эх сурвалж баталжээ.
Ройтерс агентлаг БНХАУ-ын Худалдааны яам болон Үндэсний хөгжил, шинэчлэлийн хорооноос албан ёсны тайлбар авахаар хандсан боловч одоогоор хариу өгөөгүй байна. Мөн "Rongsheng" компани тайлбар өгөхөөс татгалзжээ.
Өнгөрсөн хэдэн сарын хугацаанд зөвхөн төрийн өмчит компаниудад л бензин, дизель болон тийрэлтэт хөдөлгүүрийн түлш экспортлохыг зөвшөөрч байсан юм. Хязгаарлалтыг цуцалсан энэхүү шийдвэр ирэх 8-р сард үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна.
Түлш боловсруулагчид энэ сард Хонконг, Макао руу илгээх баталгаат хэмжээг оролцуулаад нийт 3 сая орчим тонн гурван төрлийн түлшийг экспортлохоор төлөвлөж байгаа нь өмнөх жилийн дундаж экспортын хэмжээтэй ойролцоо байна.
Үүнээс өмнө 7-р сарын экспорт 2 сая тоннд хүрнэ гэж Ройтерс мэдээлж байсан юм.