Нүүрсний үнэ өмнөх оны мөн үеэс 40 хувиар унаж, экспортын орлого 17 хувиар, төсвийн нийт орлого 16 хувиар буурсан.

Энэ байдал он дамжин үргэлжлэх төлөвтэй байгаа энэ үед УИХ Төсвийн төсөөлөл, Хөгжлийн төлөвлөгөөг бодит эрсдэлийг тооцож батлах нь чухал. Голлох түүхий эдийн ханш унаж, төсвийн орлого тасалдаж байгааг харгалзан ирэх жил түүхий эдийн ханшийг харьцангуй “даруухнаар” төсөөлөх шаардлага үүссэн. Гэхдээ алсаа харсан гол ажлууд болох нүүрс-хими, кокс химийн цогцолбор, эрчим хүчний нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах, алт, зэсийн боловсруулах үйлдвэрийн төслүүд 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусаад байна.

Бодит төсөөллөөр төсвөө бичихгүй бол мөрөөдлийн жагсаалт болно

Засгийн газар ирэх оны Төсвийн хүрээний мэдэгдэл, Монгол Улсын 2026 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Чухал төлөвлөлтийн хууль тогтоолыг хэлэлцэхтэй зэрэгцэн төсвийн өнөөгийн нөхцөл байдал, дэлхийн улс төр, эдийн засгийн эрсдэлүүдийг сайтар тооцох шаардлагатай. Юуны өмнө хөгжлийн төлөвлөгөөний жагсаалтад байгаа ажлуудыг санхүүжүүлэх төсвийн боломж бий эсэхийг харгалзана. Засгийн газрын хувьд төсвийн реформын хүрээнд урсгал зардлыг 15 хувиар бууруулж, төрийн өмчит компаниудын зардлыг мөн 15 хувиар бууруулж бүтээмжийг 30 хувь нэмэгдүүлэх зорилт тавьсан байна.

2026 онд эдийн засгийн өсөлтийг зургаан хувьд хадгалж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 8090 ам.долларт хүргэж, ядуурлын түвшинг таван хувиар бууруулах зорилттой төлөвлөлтийн хууль, тогтоолыг УИХ хэлэлцэж байна. Энд 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөлөл болон Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг батлах ажлууд багтаж буй. Эдийн засгийн ойрын төлөв болон бодит нөхцөл байдлыг үнэлж, эрсдэлийг бодитой тооцохгүй бол мөрөөдлийн жагсаалтын эхлэл болно. Тиймээс эдгээр төлөвлөлтийн бичиг баримтыг хэлэлцэхтэй зэрэгцэн яг өнөөдрийн төсвийн нөхцөл байдал, нүүрсний үнийн уналтыг алт, зэсээр нөхөөд хэр хол явах вэ, түүхий эдийн үнийн уналтыг олборлолт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх байдлаар цаашид удаан хугацаанд нөхөж чадах уу гэсэн олон асуудал яригдана.

2024 оны IV улиралд нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ буурсан нь төсвийн орлогод сөргөөр нөлөөлж, тэнцвэржүүлсэн тэнцэл урьдчилсан гүйцэтгэлээр 776.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан. Оны эхний саруудад үнийн уналт үргэлжилж, зарим гишүүн төсвийн тодотголоо яаралтай оруулж ирэхийг шаардаж байсан юм. Гэсэн ч Засгийн газар эдийн засгийн өсөлт 2025 оны эцэст 7.5 орчим хувь байхаар тооцоолж байна. Нүүрс болон төмрийн хүдрийн олборлолт нэмэгдэнэ, Оюутолгойн гүний уурхайн нөлөөгөөр баяжмал дахь зэс, алтны агуулга өсөх нь салбарын өсөлтөд томоохон нөлөө үзүүлнэ гэж тооцжээ.

Инфляц Төв банкны зорилтот түвшнээс өндөр байна

Энэ онд 83 сая тонн нүүрс, нэг сая 780 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор зорьж байна. Гэсэн ч дэлхийн эдийн засаг, геополитикийн тодорхой бус байдлаас шалтгаалсан экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн үнийн тогтворгүй байдал манай улсын экспортын орлогод сөргөөр нөлөөлж болзошгүй. Дээр нь инфляц 9.1 хувь байна. Инфляц энэ онд дунджаар Төв банкны зорилтот түвшнээс өндөр байх хүлээлттэй байгаа юм.

Цаашид геополитикийн тогтворгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, тээвэр логистикийн саатлаас үүдэн импортын инфляц нэмэгдэх эрсдэлүүд хэвээр байгаа. Засгийн газар төлөвлөлтийн хуулийн төслүүдэд эдийн засгийн өсөлт 2026 онд зургаан хувь байхаар төсөөлжээ. Харин инфляц 2026 онд дунджаар долоон хувь байхаар төсөөлж. Ямартай ч одоо өргөн баригдсан төсвийн хүрээний мэдэгдэл, Төсвийн төсөөлөл, Улсын хөгжлийн төлөвлөгөөг УИХ хэлэлцэхдээ эрсдэл, бодит байдлыг сайтар ярилцах нь зүйтэй. Юуны өмнө олон улсын нөхцөл байдал. Дэлхийн тодорхой бус байдлын индексийн үзүүлэлтээр дэлхийн тодорхой бус байдал сүүлийн саруудад цар тахлын дараах хамгийн өндөр түвшинд хүрээд байна. БНХАУ-ын үл хөдлөх салбарын уналт, ОХУ, Украины дайн болон Ойрх Дорнодын тогтворгүй байдал гэсэн эдийн засаг, геополитикийн тогтворгүй байдал дэлхийн эдийн засгийн төлөвийг муутгаж болзошгүй. Дээр нь гол түүхий эдийн үнийн өөрчлөлтийн таамаг. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хөгжлийн төлөвлөгөөний төсөлд 2024 оны Лондоны металлын бирж дээрх зэсийн үнийн өсөлтийг дурдсан байсан. Гэхдээ саяхан “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага “Зэсийн үнэ унаж байна. Олборлолт үйлдвэрлэлийн хэмжээгээ нэмэгдүүлэх бодлого баримтална” гэсэн. Ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд бас нэг онцлог санал туссан нь төрийн худалдан авалтад хиймэл оюун ухаан ашиглах замаар авлигаас салгах. “Эрдэнэт” үйлдвэр энэ тогтолцоог нэвтрүүлж байгаа. Цаашид бүх худалдан авалтад энэ жишгийг нэвтрүүлэх асуудал ч яригдаж байна.

Нүүрс, төмрийн хүдрийн үнэ өсөх төлөвгүй жилүүд

Олон улсын шинжээчдийн таамаглалаар зэсийн дундаж үнэ 2025 онд 9200 ам.доллар, 2026 онд 9700 ам.долларт хүрэхээр байна гэж Засгийн газар танилцууллаа. Зэсийн хувьд Лондоны металлын бирж дээр нэг тонн нь 9199 ам.доллар байна. Харин алтны хувьд дэлхийн тодорхой бус байдал нэмэгдэж байгаатай холбоотойгоор үнэ өсөх төлөвтэй байгаа. Нью-Йоркийн Комек бирж дээр алтны ханш нэг унци нь 3357 ам.доллар байна. Олон улсын шинжээчдийн таамаглалаар алтны дундаж үнэ 2025 онд 2900 ам.доллар, 2026 онд 2600 ам.доллар байна гэж Засгийн газар төслүүдийнхээ танилцуулгад дурджээ. Харин 62 хувийн агууламжтай төмрийн хүдэр 2024 онд 110 ам.доллар болж, өмнөх оноос найман хувиар буурсан. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбар богино хугацаанд сэргэх төлөвгүй байгаагаас гадна Австрали, Бразил зэрэг улсын олборлолт тогтвортой өсөхөөр байгаа тул төмрийн хүдрийн үнэ буурах төлөвтэй байна.

Экспортын орлого 17, төсвийн нийт орлого 16 хувиар буурчээ

Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцэх энэ үед гадаад эрсдэлээс үүдэлтэй эдийн засаг дахь сөрөг нөлөөлөл хүчтэй байна. Экспортын орлогыг бүрдүүлдэг гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаж, нийт экспортын орлого 17 хувиар, улсын нэгдсэн төсвийн нийт орлого 16 хувиар буурлаа. Түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон энэ нөхцөл байдал 2025, 2026 онд дамжин үргэлжлэх төлөвтэй. Тиймээс уул уурхайн төслүүддээ хөрөнгө оруулалт яаж татах, олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайг хэрхэн бойжуулах, эдгээрийг Үндэсний баялгийн сантай яаж холбох, АМНАТ-ийгг Үндэсний баялгийн сангийн төлбөр болгох уу гээд олон зохицуулалтын төсөл бас яригдаж байна.

Засгийн газрын хувьд төлөвлөсөн том төслүүдээ яаравчилж байгаа. Бусад төсөл арга хэмжээний санхүүжилт шууд төсвөөс хамаарна. Өнгөрсөн намар төсвөө хоёр удаа хэлэлцэж алдагдалгүй баталсан. Ингэхдээ орон нутгийн зам харгуй гээд ихэнх хөрөнгө оруулалтаа танасан. Тэр ажлуудыг ирэх жил яах вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Үүнтэй зэрэгцээд Засгийн газрын төсвийн реформ амжилттай болж чадах эсэх нь яригдана. Урсгал зардлыг 15 хувиар бууруулж, ДНБ ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх, багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог есөн хувиар бууруулна, ТӨК-иудын зардлыг 15 хувиар бууруулж, бүтээмжийг 30 хувь нэмэгдүүлнэ гэсэн зорилтууд байна. Энэ мэт улс төр, эдийн засгийн хүрээний хамгийн анхаарал татсан хэлэлцүүлгүүд ирэх өдрүүдэд өрнөнө. Хөгжлийн төлөвлөгөөний хавсралтууд, түүнд байгаа хөрөнгө оруулалт ажлын жагсаалтууд яригдана. Тойргоос сонгогдсон гишүүдийн алхаа гүйдэл түргэсэх өдрүүд айсуй байна. Гэхдээ төсвийн хүрээний мэдэгдлээс өмнө татварын хуулиудаа хэлэлцэхгүй бол ирэх жил татвар буурахгүй. Нийгмийн хүлээлтэд хүрсэн том шийдвэрийг хууль тогтоогчид амжиж гаргахгүй, нийгмийн даатгалын хуулиуд ч амжиж батлагдахааргүй байдал харагдаж байна.