Сирийн шилжилтийн үеийн Ерөнхийлөгч Ахмед аль-Шараа лхагва гарагт буюу өнөөдөр Москвад албан ёсны айлчлал хийнэ. Энэ талаар Сирийн төрийн мэдээллийн SANA агентлаг мэдээлжээ.

Айлчлалынхаа үеэр тэрбээр Оросын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзах юм. 

Сирийн Ерөнхийлөгч асан Башар Асад Орос руу зугтан гарснаас хойш аль-Шараа Орост анх удаа айлчлах гэж байна. Сири, Оросын улс төрчид бүс нутгийн болон олон улсын асуудлууд, мөн хоёрын орны хамтын ажиллагааны чиглэлийг хэлэлцэх юм. 

Аль-Шараа аравдугаар сарын 15-нд Москвад болох ёстой байсан Орос-Арабын дээд түвшний уулзалтад оролцохоор төлөвлөж байжээ. Уг уулзалтыг Газын зурвасын асуудалтай холбоотой АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын төлөвлөгөөний улмаас хойшлуулсан байна. Гэсэн хэдий ч аль-Шараа айлчлалаа цуцлахгүй байхаар шийдсэн нь энэ. 

Айлчлалынхаа үеэр тэрбээр мөн Орост оршин сууж буй сиричүүдтэй уулзах төлөвтэй байгаа юм. 

Харин нөгөө талдаа ОХУ-ын эрх баригчид Сирийн шинэ эрх баригчидтай харилцаа тогтоохыг зорьж байгаа ба өмнө нь Израилийн арми Сирийн нутагт цохилт өгсний дараа Дамаскт дипломат дэмжлэг үзүүлэхийг санал болгож байсан билээ.