Өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлыг эргэн сануулж, тоймлон хүргэж байна. 

Засгийн газрын 100 хоног ба цогц 10 реформ

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатараар ахлуулсан Засгийн газар төвхнөөд 100 хоног өнгөрчээ. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын зарим сайд нарын хамтаар Засгийн газрын 100 хоногт хийж гүйцэтгэсэн ажлыг дүгнэн танилцууллаа.

Үүнд,

Засгийн газар 100 хоног ажилласан ажлынхаа дүгнэлт дээр дүн шинжилгээ хийж, ирэх таван жилийн үндсэн чиглэлээ гаргалаа. Мөрөөдлийн жагсаалт биш, хүн чанартай, өсөлт хөгжлийг эрхэмлэсэн бодлого юм.

Олон улсын үнэлгээний Fitcch Ratings агентлагийн рейтингээр Монгол Улс өрийн дарамтаа бууруулж чадлаа. Өмнө нь долоон ангилалтай байсан нь өнөөдөр зургаа болж, үнэлгээ сайжирсан байна. Энэ нь бид төсвийн тодотголыг амжилттай хэрэгжүүлсэн гэсэн үг.

Төсвөөс 2.2 их наяд төгрөгийн үргүй зардлыг хэмнэсэн. Гадаад томилолтоос эхлээд, төсвийн маш олон зарлагаас танаж чадсан.

  • Төрийн албан хаагчдын тоог багасгаж, дарга нарын тоог цөөрүүлснээр 261 тэрбум төгрөг,
  • Нэг удаагийн тэвчиж болох зардлуудыг танаснаар 370 тэрбум төгрөг,
  • Хэрэгжээгүй болон үр ашиггүй төслүүдийг зогсоосноор 617 тэрбум төгрөгийг хэмнэсэн.

Мөн дулааны үнийг нэмэхгүй байх шийдвэр гаргаж 122 тэрбум төгрөг төсөвт нэмж суулгасан. Ингэж бид төсвийн шинэ жишгийг тогтоогоод байна. Үүнийг төсвийн шинэчлэлийн бодлого болгож, ард түмэнтэйгээ хамтран ажиллалаа. Энэ хүрээнд төрийн өмчийн компаниудын шинэчлэлийг ч эхлүүлэв.

Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой" ХХК-д компанид онцгой дэглэм тогтоож, булхай, өрүүдийг илрүүлж, үр ашиггүй зардлуудыг танаж, дарамт шахааг зогсоосон. Үр дүнд нь ашиг гурван дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 1.6 дахин өсөж, зогсоод байсан биржийн арилжаа сэргэж, үнэ 13-17 хувиар нэмэгдлээ.

Эдийн засгийн хямрал зогсож, сэргэлт бий боллоо. Экспортын орлого 3.8 тэрбум ам.доллараар өсөж, эхний 5-6 сард 5.4 тэрбум байсан бол 9.2 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн. Үүний үр дүнд валютын тэнцэл ашигтай гарч, гадаад валютын нөөц 5.7 тэрбум ам.доллар болж, бараг 1 тэрбумаар өссөн. Валютын ханшийг интервенц хийхгүйгээр тогтвортой барьж чадсан.

Төрийн албаны шинэчлэлийг хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд “Данхар төр биш, чадварлаг төр” гэдэг зарчмаар агентлагийн удирдлагын тоог 54-өөр, газар хэлтсийн тоог 81-ээр цөөлсөн. Ингэж давхардал, чирэгдлийг багасгаж, үр ашиггүй тогтолцоог халж байна.

Инфляц тогтворжсон. 7-р сард төсөв 541 тэрбумын алдагдалтай байсныг 8-р сард 52 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Энэ бол манай 100 хоногийн ажлын бодит үр дүн.

Эрүүл мэндийн салбарт улаан бурхны тархалтыг онцгой дэглэм тогтоож хяналтдаа авч, хойд бүсэд халдвартын шинэ эмнэлэг барих шийдвэр гарсан.

Гал түймэр, ган зудтай үед Онцгойгийн албан хаагчдын нэмэгдлийг 40 хувиар нэмсэн. Ургац хомс байсан ч ургацын баяраа тэмдэглэх хэмжээнд хүрэв. Нийгмийн гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа эрчимжүүлж байна. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, хар тамхитай тэмцэх тусгай алба байгуулсан. Гаднаас орж ирдэг сүлжээг илрүүлж, тусгай ажиллагаа явуулсан.Үндэсний баялгийн сангийн хууль хэрэгжиж эхэлсэн. Төгрөг нуур зураг стратегийн орд газруудын өгөөжийг төвлөрүүлж, ард түмэнд хүртээх зарчимд шилжиж байна.

Шинээр 357 сая тоннын нөөцтэй зэсийн орд илэрсэн. Дижитал шилжилтийн хүрээнд и-баримтыг цаасгүй болгож, хиймэл оюун ухааны үндэсний стратегийг баталлаа. Цагдаагийн байгууллагын шинэчлэлийг эхлүүлсэн. Виртуал бүс байгуулж, татварын хөнгөлөлт үзүүлэх нөхцөл бүрдүүлсэн.Төсвийн хувьд НӨАТ-ын буцаан олголтыг 5 хувь болгож, нийт иргэдийн 80 хувь нь жилдээ 2 сая төгрөгийн буцаалт авах боломжтой болсон. Энэ бол иргэдийн оролцоотой, хяналттай төсвий шинэчлэл юм.

Эрүүл мэндийн хөрөнгө оруулалт 5.5 дахин, боловсролын хөрөнгө оруулалт 2 дахин өслөө. Энэ бүхний цаана татварын цогц реформ эхэлж байна гэж харж болно. Далд эдийн засгийг ил болгож, татварын баазыг өргөтгөхөөр ажиллаж байна.

100 хоногийн ажлын ололт амжилтыг дүгнээд, ирэх таван жилийн үндсэн чиглэлийн концепцыг танилцууллаа. Энэ нь “Шинэ итгэл, эрс шинэтгэл” нэртэй, 10 цогц реформыг агуулж байна:

  • Хүний хөгжлийн реформ
  • Засаглалын реформ
  • Эдийн засгийн бүтцийн шинэчлэл
  • Татварын шинэчлэл
  • Цахим шинэчлэл
  • Ногоон хөгжил
  • Эрчим хүчний шинэчлэл
  • Хот, хөдөөгийн хөгжлийн шинэчлэл
  • ХАА-н шинэчлэл
  • Үндэсний нэгдэл, үнэт зүйл

Залуучууд спортоор дэлхийн амжилт гаргаж, Монгол Улсад шинэ итгэлийг өгч, бид энэ шинэ итгэл дээр тулгуурлан, авлигагүй шударга нийгэм, технологийн дэвшилттэй хөгжил рүү алхана. Энэ бол Монгол Улсыг 2026–2030 онд дахин хүчирхэгжүүлэх зорилготой, иргэдийн амьдралыг сайжруулах цогц төлөвлөгөө юм" гэлээ.

Багш нар цалингаа нэмэхийг шаардаж жагслаа

Монголын Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбоо багш нарын цалинг нэмэгдүүлэхээр УИХ, Засгийн газарт өчигдөр шаардлага хүргүүлсэн. Боловсролын сайд П.Наранбаяр Сүхбаатарын талбай дээр гарч шаардлагын бичгийг хүлээн авсан юм. Ингэхдээ тэрээр дараах тайлбарыг өглөө. 

Энэ талаар Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга З.Цогтгэрэл мэдээлэл өгсөн юм. Тэрээр "Маргааш улсын хэмжээнд жагсаал цуглаан болно. Улаанбаатар хотод 5-10 мянган хүн жагсах урьдчилсан тооцоо гараад байна. Нийт оролцогдчид УИХ, Засгийн газарт шаардлагаа хүргүүлнэ. Түүнчлэн есдүгээр сарын 27-нд ажил хаялт зарлана гэх мэдээлэл гарсан. Энэ бол манай холбоотой ямар ч хамааралгүй. Хэрэв бидний жагсаалд нааштай шийд өгөхгүй бол дараа, дараагийн шатны тэмцэл хөдөлгөөнийг эхлүүлнэ" гэв. 

Харин Боловсролын сайд П.Наранбаяр "Багш нарын тавьж байгаа шаардлагыг бид хүндэтгэн харж байгаа. Цалин нэмэх асуудлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай. Энэ хүрээнд хамтарсан ажлын хэсэг байгуулж, багш нарын цалин хөлсийг судлан дүгнэлт гаргасан. Уг санал, тооцоог Засгийн газар болон холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. 

Гэхдээ цалин нэмэх ажлыг нэг дор хийх боломжгүй тул гурван жилийн хугацаанд шат дараатайгаар нэмэгдүүлэх хөтөлбөр боловсруулж, Засгийн газар болон УИХ-тай хамтран ажиллахад бэлэн байна. Энэ асуудлыг зөвхөн нэг салбарын хэмжээнд бус, төрийн бодлогын түвшинд авч үзэх учиртай. Учир нь цалин нэмэх шийдвэр нь зөвхөн Боловсролын сайдын хүрээнд шийдэгдэх асуудал биш бөгөөд бусад яам, Засгийн газар, улсын төсөвт тусгах шийдвэр зэргээс шууд хамаардаг"  гэв. 

 Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Ингэхдээ дараах байдлаар байр сууриа илэрхийллээ.

Д.Амарбаясгалан: "Админерал" гэдэг компанийг компанийг надтай холбох гэж АТГ-аас шалгасан. Харамсалтай нь сэжүүр олдоогүй. Сүүлд нь нүүрсний сонсгол дээр надтай хамтарч ТББ эзэмшдэг Ц.Чулуунзагдын ах нь гүйцэтгэх захирал хийж байгаа учраас Д.Амарбаясгалантай холбоотой гэж зарласан. Говь-Алтай аймагт 1998 онд аравдугаар анги төгссөн Ц.Чулуунзагд нарын хүмүүс нэгдээд "Төрөлх Алтай" ТББ байгуулсан. Удирдах зөвлөлд нь 11 хүн бий. Ц.Чулуунзагд МАН-ын дөрвөн нарийн бичгийн даргын нэг. МАН-ын Бага хурал 479 гишүүнтэй. Чулуунзагд бид хоёрыг хамт ажилладаг гэдэг үндэслэлээр холбож байгаа бол надаас өөр хүнтэй ч холбогдоно. Би "Админерал" гэдэг компанитай ямар ч холбоогүй. Манай гэр бүл, ах дүү, хамаатан садан уул уурхай, нүүрс тээврийн бизнес хийдэггүй.

Миний ойр дотнын хүмүүсээс барьж хорьсон зүйл байхгүй. Харин надтай хамт ажиллаж байсан, хамт зургаа авахуулсан хүмүүсийг барьж хорьсон. Асуудал байвал надтай ярих хэрэгтэй. Надтай хамаатуулж жирийн, бизнес хийж байгаа хүмүүсийг барьж хорьж хохироож болохгүй. 

Би ЗГХЭГ-ын дарга байх үеэсээ эхлээд цагдаа, шүүх, тагнуулын байгууллагад долоон гомдол гаргасан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэлэлцдэггүй. Манай эхнэрийг дансаараа таван сая ам.доллар авсан гэдэг асуудлаар тагнуулд хандсан. Өнөөдөр хүртэл хариу өгөөгүй. Энэ бүгдийн цаана улс төр байгааг би мэдэж байгаа. 

МАН-ын намд хагарал бий. Үүнийг нуухгүй. Хагарал үе үе гардаг. 2017 онд гарсан. Өнөөдөр бас гарчихаад байна. МАН-ын өнөөдрийн хагарал бол Ерөнхий сайд Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нарын хов зөөж амь зогоодог хүмүүсийн хийсэн ажил. Намайг ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах найман жилийн хугацаанд манай нам хагараагүй. Я.Содбаатарыг ерөнхий нарийн бичгийн дарга болсноос хойш аравхан сарын дараа МАН төрийн өндөрлөгийн түвшинд хүртлээ хагарсан. Энэ бол хов зөөж насаараа амиа зогоосон хүмүүсийн хийдэг ажил.  Би энэ хагарлыг дарахын тулд, намаа нэгтгэхийн тулд, итгэл алдраад байгаа намынхаа гишүүдийн итгэлийг сэргээхийн тулд намын даргад нэр дэвшинэ гэдгээ зарласан. Өрнөж байгаа бүх үйл явдал намын даргын сонгуультай холбоотой. Үнэхээр л асуудалтай байсан юм бол Ц.Чулуунзагдыг хоёр жилийн өмнө барьж хорихгүй яасан юм бэ. Өчигдөр орой 19:30 минутад АТГ 20 байцаагч цуглуулаад Амарбаясгалангийн талд санал өгөх гэж байгаа Бага хурлын гишүүдийг хэрэгт холбогдуулах гэж үзсэн. Би энэ асуудалтай холбогдуулаад ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарт "Намын асуудал нам дотроо шийдэгдэх ёстой шүү. Намайг дэмжих Бага хурлын гишүүдийг хуулийн байгууллагаар дарамтлуулах гэж байгаа бол тултал үзнэ шүү" гэдгээ хэлсэн. Ингэж ярьснаас хойш 20 минутын дараа АТГ тэр ажиллагаагаа зогсоосон. Надад гэрт байгаа, баримт байгаа. Энэ бол бүх зүйл хэрээс хэтэрснийг харуулж байна. Бага хуралд намайг илтэд дэмжих хүмүүс ирэхгүй бол би АТГ дарамталлаа гэж дүгнэнэ. Дарамтад орсон хүмүүсийг зарлана. Ерөнхий сайдыг тодруулсан өмнөх Бага хурлын үеэр дэмжсэн санал өгснөө баталгаажуулахыг шаардаж дарамталж байж санал хураалт явуулсан. Одоо энэ Бага хурал дээр ийм зүйл болохыг би зөвшөөрөхгүй.  

Б.Энхбаярын надад өшөрхөөд байгаагийн нэг шалтгаан нь Н.Өнөрцэцэгийг барьж хорих гээд байхад нь "Боль, бид ийм замаар явж болохгүй" гэж хэлж байсан. Ингэж хэлсэн уулзалтад Л.Оюун-Эрдэнэ, Г.Занданшатар, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар байсан. Л.Оюун-Эрдэнэ "Ийм замаар явах гэж байгаа бол бид ажлаа өгөөд энэ төрөөс зайлцгаая" гэж хэлж байсан. Харамсалтай нь Н.Өнөрцэцэг шоронд суусан. Өчнөөн ам өчиг өгч байж гарч ирсэн. Өнөөдөр тэр хүн дуугарахаасаа айдаг болсон. Монгол ийм байж болохгүй. 

Сүүлийн үед Үндсэн хуулийн өөрчлөлт яриад Ерөнхийлөгч, өмнөх Ерөнхий сайд нарыг холбоод хооронд нь маргалдуулаад байгаа. Үүний эхлэлийг Я.Содбаатар, Ж.Энхбаяр нар тавьсан. Өнгөрсөн жилийн наймдугаар сард ээлжит бус чуулган болж байхад энэ хоёр УИХ-ын гишүүдтэй уулзаж "Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар Ерөнхийлөгчийн хугацааг сунгая" гэж байсан. Би тэр үед үүнийг нь Ерөнхийлөгч мэдээгүй гэж боддог. Яагаад гэхээр боломжгүй зүйлийн араас явж Ерөнхийлөгчийг вакумжуулж, Ерөнхий сайдтай хооронд нь үл ойлголцуулсан. Тухайн үеийн Ерөнхий сайд дээр орж ирээд энэ Ерөнхийлөгч чинь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар бүрэн эрхээ сунгах гээд байна гэдгийг хэлсэн хүн бол Г.Занданшатар дарга.

Ерөнхийлөгч энэ удаагийн намын даргын асуудалд оролцохгүй гэдгээ хэлсэн. Г.Занданшатар даргатай би гурван удаа уулзсан. Хүлээж авах боломжгүй хувилбаруудыг ярьсан. Тухайлбал, "МАН хос даргатай байя" гэсэн. Бид хоёрт зориулж дүрмийн өөрчлөлт хийгээд, хоёулаа зэрэгцэж суугаад намаа удирдаад явж байдаг онигоотой зүйл байж болохгүй гэдгийг хэлсэн" гэв. 

Хөвсгөл аймагт алга болсон хоёр настай хүүгийн цогцсыг олов

Хөвсгөл аймгийн Тариалан сумын тавдугаар баг, “Сайхан мод” гэх газраас энэ оны есдүгээр сарын 17-ны өдөр хоёр настай хүүхэд алга болсон. Ес хоног эрлийг ажлыг үргэлжлүүлж, өнгөрөгч пүрэв гарагт хүүгийн цогцос олдсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлсэн юм. Хүүгийн цогцос төөрсөн газраас 3-4 км-ын зайд байжээ. 

Тус асуудлаар Цагдаагийн ерөнхий газраас "Хүүгийн цогцос төөрсөн газраас 3-4 км-ын зайд олдсон. Одоогоор хэргийн газрыг хамгаалалтад авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Шинжээчийн дүгнэлт гарсны дараа илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой. Цахим орчинд талийгаач хүүгийн цогцостой холбоотой ташаа мэдээллүүд гарч байна. Талийгаач хүүгийн биед яр, шарх үүссэн эсэхийг шалгалтын явцад тогтооно. Эрэн хайх ажиллагаа хийсэн газар мод, хад, чулуу ихтэй байсан. Шалгалт хийж дууссаны дараа бид тодорхой мэдээллийг өгөх боломжтой" гэсэн мэдээлэл өгсөн юм.