
Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад Эболагийн халдварын улмаас нас барсан хүний тоо 3000 давж, халдварын эсрэг арга хэмжээ санхүүжилтийн ноцтой дутагдалд оржээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад гарсан Эболагийн дэгдэлтийг хяналтдаа авахын тулд халдвар дамжих бүх хэлхээг илрүүлж, таслан зогсоох шаардлагатайг анхаарууллаа.
ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус Женев хотноо сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ халдварын бүх хэлхээг тасалж чадахгүй бол уг тахал БНАКУ, хөрш орнууд болон бүс нутгийн хэмжээнд аюул заналхийлсээр байх болно гэж мэдэгдсэн байна.
“Халдвар дамжих бүх хэлхээг таслах хүртэл энэ дэгдэлт БНАКУ, хөрш орнууд болон бүс нутаг бүхэлдээ аюул занал учруулсаар байх болно” гэж тэрбээр хэлжээ.
Лхагва гаргийн байдлаар БНАКУ-д Эболагийн халдварын улмаас нас барсан хүний тоо 3000 давсан тухай тус улсын засгийн газрын албан ёсны мэдээлэлд дурдсан байна.
Энэ удаагийн дэгдэлт нь БНАКУ-ын түүхэн дэх хамгийн хурдацтай тархаж буй, хамгийн олон хүний аминд хүрсэн, хамгийн өргөн хүрээг хамарсан Эболагийн дэгдэлт болоод байна.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв /CDC/-өөс халдварыг тогтоон барих арга хэмжээ тогтоосон зорилтот түвшнээс доогуур байгааг анхааруулжээ.
Мөн шинэ тохиолдлуудын дийлэнх нь өмнө нь тогтоогдсон халдварын ойрын хавьтлуудын дундаас илрээгүй, мөн шинэ халдварын 80 хүртэлх хувь нь тодорхойгүй халдварын эх үүсвэртэй холбоотой байгааг мэдээлсэн байна.
Халдварын далд хэлхээ илрээгүй хэвээр байна
БНАКУ-ын ашигт малтмалаар баялаг бүс нутгуудад үргэлжилж буй мөргөлдөөн, дэд бүтцийн сул хөгжил, цалингаа аваагүй эрүүл мэндийн ажилтнуудын ажил хаялт, мөн уламжлалт оршуулгын зан үйл зэрэг нь Эболагийн тархалтыг хязгаарлах ажиллагаанд хүндрэл учруулж байна.
Тедрос Адханом Гебрейесус халдвар авсан хүмүүс нас барахаасаа өмнө хэчнээн хүнтэй ойр хавьталд орсныг бүрэн тогтоож чадахгүй хэвээр байгааг онцолжээ. “Энэ нь бидний мэдэхгүй халдвар дамжих хэлхээнүүд байсаар байна гэсэн үг” гэж тэрбээр хэлсэн байна.
Хариу арга хэмжээ 1 тэрбум ам.доллараас давсан санхүүжилтийн дутагдалтай
Эболагийн дэгдэлтийн эсрэг авч буй арга хэмжээ санхүүжилтийн ноцтой дутагдалд орсон нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. НҮБ-ын агентлагууд санхүүжилтийн 1 тэрбум ам.доллараас давсан дутагдлыг нөхөхөөр ажиллаж байгаа талаар ДЭМБ-ын тэргүүн мэдэгджээ. Тэрбээр дэлхий даяар хүмүүнлэгийн тусламжийн санхүүжилт буурч, олон улсын анхаарал шаардсан өөр олон асуудал тулгарч буй энэ үед санхүүжилт хүсэж байгааг хүлээн зөвшөөрсөн байна.
Хамгийн их өртсөн бүс нутгийн сургуулиудыг нээжээ
Энэ хооронд БНАКУ-ын албаны эх сурвалж Reuters агентлагт мэдээлснээр, Эболагийн халдвар хамгийн хүчтэй тархсан бүс нутгуудын сургуулиуд энэ долоо хоногт дахин нээгдсэн байна.
Өмнө нь сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөж байсан ч эрх баригчид энэ нь сурагчдын боловсролд ноцтой сөрөг нөлөө үзүүлнэ гэж дүгнэжээ. Тиймээс алсын зайн сургалт нь хүүхдүүдийн боловсролд учруулах эрсдэл нь Эболагийн халдварын эрсдэлээс илүү өндөр байж болзошгүй гэж үзэн уг төлөвлөгөөг хэрэгжүүлэхээс татгалзсан байна.
Одоогийн омгийн эсрэг батлагдсан эмчилгээ, вакцин байхгүй
Энэ удаагийн дэгдэлтийг үүсгэж буй вирус нь Bundibugyo хэмээх омгийн эсрэг албан ёсоор батлагдсан эмчилгээ, вакцин байхгүй. Гэсэн ч вакцины эмнэлзүйн туршилтууд үргэлжилж байгаа бөгөөд аль нэг вакцин үр дүнтэй болох нь тогтоогдвол нэн даруй өргөн хүрээнд ашиглахаар төлөвлөжээ.