АНУ-ын Агаарын цэргийн хүчний сөнөөгч онгоцны нисгэгч асан, цөмийн зэвсэг тээвэрлэх систем болон F-35 зэрэг дэвшилтэт сөнөөгч онгоцны чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай Жералд Эдди Браун Жуниор Хятадын армид тусалсан хуйвалдаанд оролцсон хэрэгт буруутгагдан баривчлагджээ.
Түүнийг лхагва гараг(2026.02.25)-т Индиана мужийн Жефферсонвилл хотод баривчилж, АНУ-ын Зэвсгийн экспортын хяналтын тухай хуулийг зөрчин БНХАУ-ын Ардын Чөлөөлөх Армийн нисгэгчдэд сургалт явуулсан гэж буруутгасан талаар Колумбийн тойргийн АНУ-ын прокурорын газраас мэдэгдсэн байна.
“АНУ-ын цэргийн сургалтыг манай дайснуудад өгөх нь үндэсний аюулгүй байдалд ноцтой заналхийлэл учруулна” гэж Агаарын цэргийн тусгай мөрдөн шалгах албаны тусгай төслийн газрын гүйцэтгэх захирал Ли Расс мэдэгджээ.
Браун 1996 онд хошууч цолтойгоор тэтгэвэрт гарахаасаа өмнө 24 жил агаарын цэрэгт алба хаасан. Тэрээр цөмийн зэвсэг тээвэрлэх систем хариуцсан нууц нэгжүүдийг удирдаж, байлдааны нислэгүүд гүйцэтгэн төрөл бүрийн сөнөөгч болон довтолгооны онгоцонд нисгэгч, симуляторын багшаар ажиллаж байжээ. Түүний ниссэн онгоцнуудын дунд Вьетнамын дайны үеийн F-4 Phantom, мөн F-15, F-16 зэрэг орчин үеийн онгоцнууд багтана.
Тэтгэвэрт гарсныхаа дараа тэрээр ачааны онгоц жолоодож, улмаар АНУ-ын хоёр батлан хамгаалахын гэрээт компанид ажиллан F-35 сөнөөгч болон A-10 довтолгооны онгоц жолоодох сургалтыг АНУ-ын нисгэгчдэд симулятороор зааж байжээ.
Lockheed Martin-ы үйлдвэрлэдэг F-35 нь АНУ-ын хамгийн дэвшилтэт онгоцнуудын нэг. 2026 оны байдлаар АНУ-ын Агаарын цэрэг, Тэнгисийн цэрэг, Тэнгисийн явган цэргийн хүчинд 600 орчим онгоц ашиглагдаж байгаа бөгөөд 1600 гаруй онгоц захиалгатай байна. Мөн 19 холбоотон, түнш улс F-35 хөтөлбөрт оролцож байгаа аж.
Прокурорын мэдэгдэлд дурдсанаар Браун 2023 оны арванхоёрдугаар сард Хятадад очиж, хоёр гаруй жил PLA-ийн нисгэгчдийг сургасан бөгөөд энэ сарын эх хүртэл тэнд байсан аж. Эхний өдөр АНУ-ын Агаарын хүчний талаар гурван цаг асуултад хариулж, дараагийн өдөр нь өөрийн танилцуулгыг PLAAF-д бэлтгэн илтгэсэн гэжээ.
Холбооны мөрдөх товчооны Нью-Йорк дахь газрын туслах захирал Жеймс Барнакл “Брауны урвалт нь эмзэг тактикыг ил болгож, манай улс, зэвсэгт хүчин, холбоотнуудын аюулгүй байдалд заналхийлсэн” гэж мэдэгдсэн.
Шинжээчдийн үзэж буйгаар Хятад улс түүнээс цөмийн зэвсэг хүргэх тактик, мөн F-35 нисгэгчид илрэхээс хэрхэн зайлсхийдэг аргачлал зэрэг мэдээлэл авахыг зорьсон байж болзошгүй.

Браун өмнө нь Хятадын талтай холбогдсон Стивен Су Бин гэх этгээдтэй хамтран ажилласан байж магадгүй. Су Бин нь 2016 онд АНУ-ын цэргийн эмзэг мэдээллийг Хятадад дамжуулсан хэрэгт буруугаа хүлээн зөвшөөрч, дөрвөн жилийн хорих ял авч байсан.
Браун бол Хятадын нисгэгчдийг сургах хэрэгт холбогдсон анхны америк нисгэгч биш юм. АНУ-ын Тэнгисийн явган цэргийн нисгэгч асан Даниел Дагган мөн ижил хуулийг зөрчсөн хэрэгт буруутгагдсан бөгөөд түүнийг АНУ-д шилжүүлэн өгөх асуудал одоо ч шийдэгдээгүй хэвээр байна.