
Найруулагч Кристофер Ноланы адал явдалт, туульсын бүтээл The Odyssey тав дахь долоо хоногтоо дараалан орлогын жагсаалтыг тэргүүлж, нийт үзэгчдийн тоо нь 10 саяыг давлаа.
Өмнөд Солонгосын Кино Зөвлөлөөс даваа гарагт нийтэлсэн мэдээллээр, тус кино амралтын өдрүүдэд 698 395 хүн нэмж үзсэнээр ням гарагийн байдлаар нийт үзэгчдийн тоо 10 027 997-д хүрчээ. Өмнөд Солонгосын Кино Зөвлөл буюу KOFIC нь амралтын өдрийн жагсаалтад баасан гарагаас ням гараг хүртэлх үзэгчдийн тоог нэгтгэдэг байна.
Грекийн яруу найрагч Гомерын алдарт тууль “Одиссей”-оос сэдэвлэсэн уг кинонд Троягийн дайнд ялсны дараа Итакагийн Грекийн хаан Одиссей эх орондоо буцаж очих аюултай, адармаатай аяллыг өгүүлдэг. Одиссейн дүрд Мэтт Дэймон тоглосон бөгөөд жүжигчдийн бүрэлдэхүүнд Энн Хэтэуэй, Том Холланд, Шарлиз Терон болон Зэндая нар багтжээ.
Тус кино нь энэ онд Өмнөд Солонгост хамгийн олон хүн үзсэн хоёр дахь кино болж, мөн тус улсад 10 сая үзэгчийн босгыг давсан түүхэн дэх 10 дахь гадаадын кино болжээ.
Америкийн кинонууд мөн жагсаалтын хоёр, гуравдугаар байрт орсон байна. Тодруулбал, Spider-Man: Brand New Day амралтын өдрүүдэд 146 678 үзэгч нэмж, хоёрдугаарт жагссан бол бага төсвөөр бүтсэн аймшгийн Obsession кино нээлтээ хийснээс хойших анхны амралтын өдрөөрөө 138 442 үзэгч татаж, гуравдугаар байрт оржээ.
Солонгосын Road to Gyeong-ju кино 49 417 үзэгч нэмж, дөрөвдүгээр байрт жагссан бол гэр бүлийн драмын Portrait of a Family нээлтийнхээ эхний амралтын өдрөөр 40 840 үзэгчтэй байлаа.
KOFIC-ийн мэдээлснээр, The Odyssey энэ долоо хоногт ч жагсаалтыг тэргүүлэх төлөвтэй байна. Даваа гаргийн өглөөний 09:00 цагийн байдлаар тус кино нийт урьдчилсан тасалбарын борлуулалтын 45.4 хувийг эзэлжээ.
Удахгүй нээлтээ хийх Солонгосын “The Assassin(s)” болон “Intern” кинонууд дараагийн байруудад орж, нийт урьдчилсан тасалбарын борлуулалтын тус бүр 11.5 хувь, 11 хувийг эзэлсэн байна.