
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн төсөл болон “Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн зээлийн гэрээ”-ний төслийг хэлэлцэн дэмжлээ.
Хэдхэн жилийн өмнө ашиглалтад оруулсан Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” олон улсын нисэх буудлын ачаалал анх төлөвлөснөөсөө нэмэгдэж, өргөтгөх шаардлагатай болжээ. Өргөтгөл гэж ярьж байгаа ч өмнөх бүтээн байгуулалтаасаа ч том өргөтгөл болох нь. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас энэхүү бүтээн байгуулалтад зориулж 158.3 тэрбум иен буюу 995 сая ам.доллар зээлэхээр төлөвлөжээ. Гэтэл “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг 600 сая ам.доллароор бүтээн босгосон. Одоо ашиглаж буй барилгын талбай нь 37 мянган метр квадрат бол өргөтгөл нэрээр барих талбай нь 81900 метр квадрат гэдгийг “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК-ийн захирал Л.Цэнгүүнжав хэллээ. Өргөтгөлийг ашиглалтад оруулснаар нисэх буудлын хүчин чадал 3.2 дахин нэмэгдэнэ.