
Өмнөд Солонгосын Сөүлийн Төв дүүргийн шүүх өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлын гэргий, тэргүүн хатагтай асан Ким Кон Хид албан тушаалын нөлөөгөө урвуулан ашиглаж авлига авсан хэрэгт буруутган долоон жилийн хорих ял оноолоо. Шүүхийн шийдвэрт түүнийг төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн гишүүний байр сууриа ашиглан улс төр, бизнесийн ашиг сонирхол бүхий этгээдүүдээс өндөр үнэтэй бэлэг, эд зүйлсийг ямар ч эргэлзээгүйгээр хүлээн авч байсан хэмээн дүгнэжээ.
Тодруулбал, шүүхийн тогтоолд дурдсанаар Ким Кон Хи нэр бүхий улс төр, бизнесийн хүрээний хүмүүсээс тансаг зэрэглэлийн үнэт эдлэл, брэндийн цүнх, уран зураг зэрэг олон төрлийн үнэт зүйл хүлээн авсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон байна. Тэдгээрийн дотор Өмнөд Солонгосын нэрт орчин үеийн зураач Ли Уфаны бүтээл багтаж байгаа бөгөөд уг бүтээлийг улсын орлого болгон хураахаар шийдвэрлэжээ. Мөн 64.8 сая воныг улсын орлогод нөхөн төлүүлэх шийдвэр гаргасан байна.
Энэ хэрэг нь Ким Кон Хигийн нэр холбогдсон авлигын цуврал хэргүүдийн хамгийн сүүлийнх нь болж байна. Тэрээр өмнө нь шашны байгууллагатай холбоотой этгээдүүдээс үнэтэй бэлэг авсан, мөн хувьцааны ханшид хууль бусаар нөлөөлсөн гэх зэрэг хэд хэдэн хэрэгт шалгагдаж байсан бөгөөд шат шатны шүүхээр ял шийтгэл авч байсан юм. Харин энэ удаагийн шийдвэр нь хамгийн хүнд ял болж, нийт долоон жилийн хорих ял оноосноор Өмнөд Солонгосын улс төрийн түүхэн дэх хамгийн дуулиантай авлигын хэргүүдийн нэг болов.
Шүүхийн бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулах үеэр "Тэргүүн хатагтай бол хуульд захирагдах ёстой жирийн иргэнээс өөр эрх эдлэх ёсгүй. Харин ч төрийн тэргүүний хамгийн ойрын хүн учраас илүү өндөр ёс зүй, шударга байдлыг сахих үүрэгтэй. Гэвч шүүгдэгч нь энгийн иргэдийн хувьд төсөөлөхийн аргагүй үнэтэй эд зүйлсийг ашиг сонирхлын шинжтэйгээр хүлээн авсан" хэмээн онцлон тэмдэглэжээ.
Энэхүү шийдвэр нь Ерөнхийлөгч асан Юн Сүк Ёлтой холбоотой улс төр, хууль эрх зүйн хямрал үргэлжилж буй үед гарч байна. Юн Сүк Ёл өмнө нь цэргийн онц байдал тогтоох оролдлоготой холбоотой хэд хэдэн хэрэгт буруутгагдан ял сонсоод байгаа бөгөөд ийнхүү Ерөнхийлөгч асан болон түүний гэргий хоёулаа ноцтой эрүүгийн ял сонссон нь Өмнөд Солонгосын орчин үеийн улс төрийн түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй үйл явдал болов.