
Пакистаны агаарын цохилт пүрэв гарагт Афганистаны гурван байшинг онож, есөн хүний аминд хүрсэн гэж Афганистаны Талибаны Засгийн газар мэдэгдлээ.
Харин Исламабад уг цохилтоор “22 террорист” амиа алдсан гэж мэдээлжээ. Энэ нь харьцангуй нам тайван байсан гурван сарын дараа хоёр улсын хоорондох мөргөлдөөн дахин ширүүсэж буйтай холбоотой.
Афганистаны Талибаны хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид олон нийтийн сүлжээний X платформд нийтэлсэн мэдээлэлдээ Кунар болон Хелманд мужид хийсэн агаарын цохилтын улмаас амиа алдсан хүмүүсийн дунд эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэдгийг дурдаад 11 хүн шархадсан гэж мэдэгджээ.
“Бид энэхүү үйлдлийг нийтээр хүлээн зөвшөөрсөн бүх зарчмыг зөрчсөн түрэмгийлэл, гэмт хэрэг хэмээн буруушааж байна” гэж Мужахид хэлсэн байна.
Харин Пакистаны Мэдээллийн яам уг цохилтыг “найдвартай тагнуулын мэдээлэл”-д үндэслэн хийсэн гэв. Хоёр байршилд байсан террористуудын нуугдсан газруудыг онилсон аж. “Байг нарийвчлалтайгаар устгасан. Урьдчилсан мэдээллээр 22 террорист амиа алдсан” гэж тус яам X платформд нийтэлсэн мэдэгдэлдээ дурджээ.