
Энэ өдөр Роберт Паттинсон, Брэд Питт зэрэг нэрт жүжигчдийн тоглосон болон өөр бусад бүтээлүүд дэлхийн нээлтээ хийж, кино театруудаар гарч эхэллээ. Эдгээрээс онцлох дөрвөн киног танилцуулж байна.
PRIMETIME

Роберт Паттинсоны гол дүрд нь тоглосон "Primetime" энэ өдөр дэлгэцнээ гарч буй нь кино сонирхогчдын анхаарлыг татах бүтээлүүдийн нэг билээ. Найруулагч Лэнс Оппенхаймын тус бүтээлийн үйл явдал 2006 онд өрнөх агаад телевизийн түүхэнд нэрээ үлдээхийг зорьж буй сурвалжлагч Крис Хансений тухай өгүүлнэ. Уг бүтээл нь бодит үйл явдлаас сэдэвлэсэн уран сайхны кино агаад уран бүтээлчид тус кино сэтгэл зүйн триллер хэмээн тодорхойлжээ.
Паттинсон уг дүрээрээ телевизийн мөрдөн сурвалжлах ажиллагаа, нэр хүнд, ёс зүйн хил хязгаар огтлолцдог орчинд ажиллаж буй хүний дүр төрхийг гаргахыг зорьжээ. Кино нь зөвхөн гэмт хэрэгтнүүдийг илчлэх тухай бус, үзэгчдийн анхаарлыг татахын төлөөх телевизийн өрсөлдөөн ямар үр дагаварт хүргэж болохыг хөнддөг. “Primetime” нь найруулагчийн ажигч, баримтат киноны өнгө аясыг уран сайхны киноны сэтгэл зүйн хурцадмал байдалтай хослуулснаараа онцлогтой.
HEART OF THE BEAST

Брэд Питтийн тоглосон “Heart of the Beast” бол амьд үлдэх тэмцлийг хүн, амьтны харилцаатай холбон өгүүлсэн адал явдалт кино юм. Дэвид Эйерийн найруулсан тус бүтээлд Питт тусгай хүчний офицер Жеймс Белмонтийн дүрд тоглодог. Тэрбээр онгоцны ослын дараа Аляскийн зэлүүд нутагт байлдааны нохой Одинтойгоо хамт үлдэнэ. Ийнхүү байгаль цаг уурын хүнд нөхцөл, өлсгөлөн, айдастай нүүр тулахын зэрэгцээ бие биедээ итгэх итгэл нь амьд үлдэх хамгийн чухал хүчин зүйл болж хувирна.
Найруулагч энэ түүхийг зөвхөн адал явдалт кино төдийгүй хүн, нохой хоёрын гүн холбооны тухай өгүүлэмж болгон бүтээсэн бөгөөд Питтийн дүрийн дотоод тэмцэл үйл явдлын гол хэсгийг бүрдүүлдэг. Тус кино өнөөдрөөс театруудад гарч эхэлсэн агаад Ж.К.Симмонс, Анна Ламбе нар мөн тогложээ.
FORGOTTEN ISLAND

"DreamWorks Animation"-ийн шинэ бүтээл “Forgotten Island” нь хүүхэд, гэр бүлийнхэд зориулсан уран зөгнөлт, адал явдалт анимэйшн бөгөөд Филиппиний домог, соёлын дүрслэлийг өргөн ашигласнаараа онцлог.
Жо, Райса хоёр бага сургуулиасаа үерхсэн дотны найзууд байсан ч сургуулиа төгсөөд өөр өөр замаар явах болдог. Гэвч яг сүүлчийн үдэш тэд нууцлаг хаалгаар дамжин домогт гардаг Накали аралд очно. Эхэндээ гайхамшигт аялал мэт санагдсан энэ ертөнц удалгүй тэдний нөхөрлөлийг сорих аюултай газар болж хувирна. Учир нь гэртээ буцахын тулд хамтдаа өнгөрүүлсэн бүх дурсамжаа золиослох хэрэгтэй болохыг тэд мэднэ.
Ийнхүү Жо, Райса хоёрын аяллаар дамжуулан найз нөхөрлөлийн үнэ цэн, өсөж том болох, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай өгүүлнэ. “Forgotten Island” энэ өдрөөс дэлхийн олон оронд кино театруудаар гарч эхэллээ.
THE INCOMER

Шотландын алслагдсан арал дээр үйл явдал нь өрнөх “The Incomer” инээдмийн драм нь уламжлал, шинэчлэл хоёрын зөрчлийг өвөрмөц өнгө аясаар харуулсан бүтээл юм.
Луис Пакстоны найруулсан кинонд Домналл Глисон эх газраас аралд ирсэн Даниел хэмээх хууль дүрмийг хэрэгжүүлэх үүрэгтэй зөвлөлийн ажилтны дүрд тоглодог. Тэрээр нас барсан эцгийнхээ хатуу зарчмыг даган амьдардаг арлын оршин суугчидтай нүүр тулж, хууль дүрэм, бичиг цаас, интернет зэрэг эх газрын ойлголтуудыг авчирснаар тэдний тогтсон амьдралын хэв маягийг орвонгоор нь өөрчилнө.
Кино дахь хошигнолын гаднын хүн ба нутгийн иргэдийн соёлын ялгаа, өв уламжлалаа хамгаалах хүсэл, өөрчлөлтийг хүлээн авах шаардлагын тухай өгүүлдэг. Арлын оршин суугчид өөрсдийн өв соёлыг хадгалж үлдэхийн зэрэгцээ олон жилийн турш итгэж ирсэн үзэл ойлголтоо эргэн харахаас өөр аргагүй болно.
HA-CHAN, SNAKE YOUR BOOTY!

Японы бүжгийн ертөнцийг төвд нь тавьсан “Ha-Chan, Shake Your Booty!” кино нь хайр, хагацал, шинэ эхлэлийн тухай өгүүлсэн инээдмийн драм юм. Ринко Кикучи киноны гол дүр болох Харугийн дүрийг бүтээсэн агаад тэрээр нөхөр Луистайгаа Токиогийн бүжгийн тэмцээнүүдэд оролцож байсан ч гэнэтийн эмгэнэлт явдлын дараа энэ бүхнээс холдож, өөрийгөө тусгаарлан амьдарч эхэлнэ.
Харин найз нөхдийнхөө дэмжлэгээр бүжгийн студид эргэн ирснээр түүний амьдралд шинэ хөдөлгөөн бий болж, багштайгаа учирснаар сэтгэл хөдлөлийн өөр нэгэн үеийг бүтээдэг. Найруулагч Жозеф Кубота Владикийн бүтээл болох эл кино бүжгийг зөвхөн ур чадвар, өрсөлдөөний хэрэгсэл бус, гашуудал, ганцаардлыг даван туулж өөрийгөө дахин нээх орон зай болгон дүрсэлжээ.