АНУ-ын Миннесота мужийн хагас сая оршин суугчтай Миннеаполис хотод орон нутгийн цагаар өчигдөр өглөө зэвсэгт халдлага гарчээ. Лхагва гаргийн өглөө 08:00 цагт зэвсэгт халдлага гарсан тухай дуудлага мэдээлэл цагдаагийн газарт ирсэн байна. Галт зэвсгээр зэвсэглэсэн этгээд хотын өмнөд хэсэгт байдаг Annunciation сүмд мөргөл үйлдэж байсан хүмүүс рүү бууджээ. Тус сүм нь дэргэдээ шашны сургуультай. Тус сургуульд 5-14 насны хүүхдүүд суралцдаг. Хичээлийн шинэ жил эхэлсэн байсан учраас хүүхдүүд 08:30 цагт хичээл эхлэхээс өмнө сүмийн мөргөлийн танхимд залбирал үйлдэж байжээ. Гэмт этгээд мөргөлийн гол танхимын цонхоор гал нээсэн гэж үзэж байна. Уг халдлагын үеэр хоёр сурагч хүүхэд амь эрсдэж, 17 хүн шархаджээ. Харамсалтайгаар амь үрэгдсэн хоёр сурагчийн нэг нь 8, нөгөө нь 10 настай байжээ. Түүнчлэн гэмтэж шархадсан хүмүүсийн 3 нь насанд хүрсэн хүмүүс байсан бол үлдсэн 14 нь сурагчид байна. Гэмтэж шархадсан хүмүүсийн шарх амь насанд нь халгүй гэдгийг холбогдох хүмүүс мэдээлжээ.

Халдлага үйлдсэн этгээд нь 23 настай Робин Уэстмэн гэгч байсан. Хэргийн газарт өөрийгөө буудаж, улмаар нас баржээ. Одоогоор гэмт этгээд халдлагыг чухам ямар сэдэлтэйгээр үйлдсэн нь тодорхойгүй байна. Гэхдээ цагдаа нар урьдчилсан байдлаар халдлагыг шашныг эсэргүүцсэн сэдэлтэй, дотоодын терроризмын шинж чанартай гэмт үйлдэл гэж үзэж байна. Робин Уэстмэн нь урьд өмнө гэмт хэрэгт холбогдож байсан түүхгүй. 2020 онд нэрээ Роберт Уэстмэн байсныг Робин Уэстмэн болгож өөрчилсөн байна. Тэрээр эмэгтэй болж хүйсээ солиулах хүсэлтэй байсан төдийгүй тус сургуульд сурч байсан гэж зарим хэвлэлд бичжээ. Гэмт этгээдийн ээж Мэри Грэйс Уэстмэн өмнө нь халдлага болсон шашны сургуульд ажилладаг байжээ. Сургуулийн мэдээллийн санд Мэри Грэйс 2016 онд бүртгүүлж, 2021 онд ажлаасаа гарсан байна. Одоогоор гэмт этгээдийн хэрцгий халдлага үйлдэх сэдэлд өөрөө тус сургуульд сурч байсан болон ээж нь тус сургуульд ажиллаж байсан нь ямар нэгэн байдлаар хамааралтай эсэх тодорхойгүй байгаа юм.

Хэргийн газраас цагдаа нар гар буу, винтов буу зэрэг гурван төрлийн галт зэвсэг илрүүлсэн. Эдгээр зэвсгийг гэмт этгээд саяхан худалдаж авсан байжээ. Тиймээс халдлагыг урьдчилан төлөвлөсөн гэж үзсэн.

Гэмт этгээдийг буудах үед сүмийн мөргөлд оролцож байсан шашны сургуулийн 10 настай хүүг найз нь аварсан тухай сэтгүүлчдэд ярьжээ. Хүү найзтайгаа хамт гэмт этгээдийн буудсан цонхноос хоёр сандлын зайтай байсан бөгөөд буун дуу гарах үед найз нь хүүгийн дээр дарж хэвтжээ. Найз нь нуруундаа буудуулсан ч азаар амьд үлдэж эмнэлэгт хүргэгдсэн байна.

АНУ даяар Миннеаполис хотод болсон халдлагын хохирогчдод эмгэнэл илэрхийлж, хүндэтгэл үзүүлж байна. Ерөнхийлөгч Дональд Трамп гүн эмгэнэл илэрхийлж, Цагаан ордонд АНУ-ын төрийн далбааг хагас бөхийлгөлөө. Миннесота мужийн захирагч Тим Уолз америкчуудыг хохирогчдын ар гэрийг хүндэтгэхийг хүслээ.

Энэ жил АНУ-д олон нийт рүү гал нээсэн зэвсэгт халдлага 287 удаа гарсан байна. Өнгөрсөн жил тус улсад галт зэвсгээр үйлдэгдсэн хүчирхийлэлд 16 700 хүн амь үрэгджээ.