
Хөгжмийн зохиолч, хэвлэн нийтлэгчдийн эрхийг хамгаалдаг АНУ-ын Broadcast Music, Inc. (BMI) байгууллагын Лондон дахь оффисын Их Британи, Европыг хариуцсан гүйцэтгэх захирал Г.Ану Billboard UK сэтгүүлээс анх удаа гаргасан “40 Under 40” жагсаалтад багтжээ.
Г.Ану Их Британи болон бусад орны уран бүтээлчдийг олон улсын зах зээлтэй холбох, хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломж нээх чиглэлээр ажилладаг. Мөн жил бүр Лондон хотноо болдог BMI Awards шагнал гардуулах ёслолын улаан хивсний арга хэмжээг зохион байгуулах удирдах багт оролцдог байна.
Одоогоор Монголын Алтан Ураг, The Hu хамтлаг болон дуучин Magnolian BMI-ийн гишүүд бөгөөд Г.Ану ая зохиогч, дуучин Magnolian-ыг BMI-д элсэхэд нь болон 2025 онд АНУ-д болсон SXSW хөгжмийн наадамд оролцоход нь дэмжлэг үзүүлж ажиллажээ.