
Өнгөрсөн баасан гарагт Киевийн ойролцоо Оросын баллистик пуужингийн цохилтод өртөн сүйрсэн дроны үйлдвэр Америкийн "Terminal Autonomy" корпорацын эзэмшлийнх байсан тухай эх сурвалжууд мэдээллээ. Украины дайн эхэлснээс хойш Оросын тал Америкийн компанийн эзэмшлийн объектыг онилсон анхны тохиолдол энэ болж буй аж.
2023 онд Делавэр мужид бүртгэгдсэн "Terminal Autonomy" корпораци нь өндөр нарийвчлалтай алсын цохилтын дрон үйлдвэрлэдэг. "Terminal Autonomy" гэх нэршил нь радио долгион болон үүрэн холбооны сүлжээ хаасан ч хиймэл оюун ухааны удирдамжаар байг өөрөө онилон устгах технологийг илэрхийлдэг байна.
Оросын төрийн мэдээллийн ТАСС агентлаг Батлан хамгаалах яамны эх сурвалжид тулгуурлан мэдээлэхдээ тус компанийн эзэмшлийг дурдаагүй ч Украин-Америкийн хамтарсан компанийн мэргэжилтнүүд ажиллаж байсан гэдгийг онцолсон байна. Түүнчлэн тус үйлдвэрт "AQ-400 Scythe" болон "AQ-100 Bayonet" загварын дронуудыг үйлдвэрлэж байсныг дурджээ.
Албаны эх сурвалжийн мэдээлж байгаагаар пуужингийн цохилтын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. "Terminal Autonomy" болон Украины Батлан хамгаалах яамны талаас уг үйл явдалтай холбогдуулан одоогоор албан ёсны тайлбар хийгээгүй байна.