
Их Британийн хаан Чарльз III энэ сарын сүүлээр АНУ-д хийх төрийн айлчлалынхаа үеэр Конгрессын хамтарсан чуулганд үг хэлж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай хувийн уулзалт хийхээр болсон талаар Букингемийн ордон мэдэгдэв.
Дөрөвдүгээр сарын 27-30-ны хооронд хаан Чарльз болон хатан Камилла нар Вашингтон, Нью-Йорк, Виржиниа мужуудаар айлчилж, АНУ тусгаар тогтнолоо зарласны 250 жилийн ойд зориулсан олон нийтийн арга хэмжээнд оролцоно.
Энэхүү айлчлал нь АНУ болон Их Британийн “онцгой харилцаа” сүүлийн үед эмзэг байдалд орсон цаг үед тохиож байна. Ерөнхийлөгч Трамп Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер болон түүний засгийн газрыг Ираны эсрэг АНУ-ын цэргийн ажиллагааг бүрэн дэмжээгүй хэмээн удаа дараа шүүмжилсэн юм.
Британийн зарим хууль тогтоогчид ийм нөхцөлд айлчлалыг цуцлах ёстой эсэхийг хөндсөн ч хаан Чарльз нь Үндсэн хуулиар улс төрөөс ангид байр суурь баримтлах үүрэгтэй тул айлчлал баталгаажсан байна.
Английн Виндзор шилтгээн, 2025 оны 9-р сарын 17 (WPA Pool/Getty Images)Хөтөлбөрийн хүрээнд хаан Чарльз, Дональд Трамп нар хувийн уулзалт хийх бол хатан Камилла мөн АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамптай тусдаа уулзана. Мөн ёслолын хүндэтгэл, цэргийн жагсаал, төрийн зоог болон амиа алдсан цэргүүдийг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулагдана.
III Чарльз Британийн хаад дундаас АНУ-ын Конгресст үг хэлсэн 2 дахь хүн болох юм. Түүний эх Хатан Хаан Элизабет II 1991 онд энэ индрээс үг хэлж байжээ.
Дараа нь хааны гэр бүл Нью-Йорк хотод очиж, 2001 оны 9-р сарын 11-ний халдлагад амь үрэгдэгсдийг хүндэтгэхийн зэрэгцээ хүнсний дутагдалд өртсөн хүүхдүүдийг дэмжих хотын хөдөө аж ахуйн хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллагуудтай танилцна.
Виржиниа мужид тэд уугуул иргэд болон байгаль хамгаалах байгууллагуудтай уулзаж, улмаар Атлантын далай дахь Британийн харьяа нутаг дэвсгэр болох Бермудын аралд хоёр хоног саатна.