Шинээр томилогдсон Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэхээр бужигнаж байна. Ямар засгийн газар байгуулах, хэн хэн сайд болох гэдгээс өөр бас анхаарах ёстой асуудал бидний амьдралд бий.

Дээгүүрээ засаг солигдож буй ч төрийн ажил тасралтгүй үргэлжилж байх учиртай. Тэр ёсоор СЕХ-ныхон ИТХ-ын нөхөн сонгуульд бэлдэж байна. Энэ сарын 22-нд буюу эл ням гарагт хоёр аймгийн болон 54 сумын ИТХ-ын 63 мандатад нөхөн сонгууль зохион байгуулах гэж буй юм. Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу ИТХ ирц бүрэн байж үйл ажиллагаагаа явуулах учиртай.

18 нас хүрсэн хүн орон нутагт төр түшнэ

Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид харьцангуй “хөдөлгөөн”-тэй байдаг учраас нөхөн сонгуулийг жил бүр явуулдаг аж. ИТХ-ын төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон, мөн тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албанд томилогдсон, ёс зүйн дүрмийг удаа дараа зөрчсөн нөхцөлд бүрэн эрх нь хугацаанаасаа өмнө дуусаж, нөхөн сонгууль зохион байгуулдаг. УИХ ынхаас ялгаатай нь нутгийн өөрөө удирдах байгууллагад 18-аас дээш настай хүн нэрээ дэвшүүлж, төр түшилцэх боломжтой. Нөхөн сонгуульд ч уг босго үйлчилнэ. Мөн тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн нэр дэвших эрхтэй юм байна.

Шат шатны ИТХ нь эдийн засаг, нийгмийн асуудлаар бие даан шийдвэр гаргах, хууль тогтоомжийн биелэлтийг хангах, иргэдэд хуульд заасан үйлчилгээ үзүүлэх, зохион байгуулах үүрэгтэй үндсэн нэгж юм. Тухайн сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ИТХ-д хэнийг төлөөллөө болгон сонгохоос бидний өдөр тутмын амьдрал, орчны чанар шууд хамааралтай. Тиймээс орон нутгийн сонгуульд бид илүү ач холбогдол өгч, идэвхтэй оролцох хэрэгтэй байдаг.

Жижиг намуудаас хол

2024 онд болсон орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд 10 нам, нэг эвсэл болон бие даагчдаас бүрдсэн 17278 нэр дэвшигч 8031 мандатын төлөө өрсөлдөж байв. хүчний намууд Гуравдагч голдуу нийслэлийн болон дүүргийн ИТХ-ыг сонгож нэр дэвшүүлдэг. Орон нутагт тэдний оролцоо тун бага, идэвх, сонирхол муу байдаг билээ. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар Иргэний хөдөлгөөний намынхан Булган аймгийн Баян-Агт сумын ИТХ-ын 21 суудлаас 12-ыг авч, олонх болсон. Ингэж гуравдагч хүчний нам анх удаа сумын ИТХ-д олонхыг бүрдүүлжээ. Тус намаас орон нутгийн сонгуульд нийт 297 хүн нэр дэвшүүлсэн аж. Гэвч жижиг намууд бүгд орон нутгийн сонгуулийг ингэж идэвхтэй сонирхож, оролцдоггүй. Тухайн үед сумын ИТХ-д ИХН-аас гадна Үнэн ба зөв нам, Үндэсний эвсэл, ИЗНН тус тус 1-4 төлөөлөлтэй болсон байна.

Тэгвэл энэ удаагийн нөхөн сонгуульд МАН-аас 54, АН-аас 41, ХҮН намаас долоон хүн бүртгүүлжээ. ч нэр ИЗНН дэвшүүлэхээр бүртгүүлсэн шаардлага хангасангүй. Үндсэн сонгууль нь тэднээс хол байгаа хойно, нөхөн хийхийг бүр “тоохгүй” бололтой. Уг нь нөхөн сонгууль бол намуудад нутгийн анхан шатны өөрөө удирдах байгууллагад төлөөлөлтэй болох, гишүүнээ нэмэх том боломж. Анхан шатны нэгж бүрд төлөөлөлтэй байж тухайн намын нөлөө нэмэгдэнэ, бэхэжнэ. Мөн төрийн албыг доороос нь эхэлж, мэдлэг, туршлагаа нэмсэн хүн илүү сайн улстөрч болдог. Гэвч шат шатанд удирдах гэж биш, сонгуулиар мөнгө хийх зорилготой ажилладаг намуудад энэ бүхэн сонин биш байх нь мэдээж. Бас тэд шууд л нийслэлийн ИТХ, парламент руу санаархдаг нь нууц биш. Төрийн ажлын шат дамжлага, туршлага хуримтлуулах ойлголт үгүй. Тэгэхээр уламжлал ёсоор АН, МАН болон ХҮН намын дунд нөхөн сонгуулийн өрсөлдөөн болох нь.

Хүчний харьцаа өөрчлөгдөх үү

Аймгуудаас Баянхонгор, Дархан Уулын ИТХ-д тус бүр нэг төлөөлөгч нөхөн сонгох юм билээ. Баянхонгорын ИТХ-ын 35 суудлын 23, Дархан-Уулын 41 төлөөлөгчийн 24 нь МАН-ынх. Эл хоёр аймагт МАН олонх учраас нөхөн сонгуулиар АН-аас төлөөлөгч сонгогдсон ч хүчний харьцаанд төдийлөн өөрчлөлт гарахгүй нь. Мөн Архангай, Баян-Өлгий, Баянхонгороос бусад 18 аймгийн 54 сумд 61 мандатад нөхөн сонгууль явуулна. Хамгийн олон төлөөлөгч “орж гарсан” сумыг тодруулав. Булган аймгийн 10, Сэлэнгэд долоо, Хэнтий, Төвийн тус бүр зургаан сумд нөхөн сонгууль болох гэж буй нь хамгийн олон сул суудалтай нь болжээ. Зарим аймгийн сумд нэг л төлөөлөгч нөхөн сонгох юм билээ. Харин Сэлэнгэ аймгийн Сайхан суманд гурван ч мандат эзгүйрчээ. Тус сумын ИТХ 29 суудалтай бөгөөд АН-ынхан 18 хүнээр олонхыг бүрдүүлсэн байна. Үлдсэн 11 хүн нь МАН-ын төлөөлөгч. Тэгэхээр энэ хэсэгт МАН-ынхан нөхөн сонгуулиар ялбал төлөөлөгчдийн тооны харьцаа дөхөх магадлал бий. Мөн Булган аймгийн Хутаг-Өндөр, Дархан-Уулын Шарын гол, Дорнодын Баяндун, Сэлэнгийн Алтанбулаг, Орхонтуул, Төвийн Эрдэнэсант, Хэнтийн Бор-Өндөр сумд тус бүр хоёр төлөөлөгч нөхөн сонгох юм.

ХҮН намын тухайд 2024 оны орон нутгийн сонгуулиар нийслэлийн ИТХ-д нэг ч төлөөлөлтэй болж чадаагүй. Гэхдээ Багануурт дөрөв, Хан-Уул дүүрэгт нэг төлөөлөгчтэй болсон. Мөн гурван аймгийн ИТХ-д тус бүр нэг суудал авсан. Одоо хэрэв сумдад хүнээ сойж байгаа бол анхан шатны нэгжид төлөөлөлтэй болох магадлал бий гэсэн үг.

Эдгээрээс аль намынх нь төлөөллийг ИТХ-даа нэмэхийг тухайн аймаг, сумын иргэд шийднэ. Орон нутгийн сонгуульд иргэдийн оролцоо тааруу байдаг учраас ирцийн босгогүй болгосон. Тэгэхээр санал өгсөн нийт хүний олонхоор л дараагийн төлөөлөгчийг тодруулж, тухайн сумд тулгамдсан асуудлыг шийдэлцэнэ гэсэн үг. Хэдийгээр ирцийн босго үгүй ч нийт сонгогчийн 20-30 хувь нь л сонгуульд оролцоод, түүний олонхоор дараагийн хүнийг тодруулаад байвал төлөөлөл гэхэд хэцүү болно. Нөгөө талаар идэвхээс гадна сонгогч заавал тухайн орон нутагтаа очиж, өөрийн биеэр саналаа өгдөг нь ирц муу байгаагийн нэг шалтгаан болдог аж. Тэгвэл энэ удаа их, дээд сургуулиуд амарсан үеэр нөхөн сонгууль таарч буй. Тэдний олонх нь амралтаараа нутагтаа очсон байх үеийг тааруулсан байх нь. Тиймээс СЕХ-ноос залууст чиглэсэн сурталчилгаа, мэдээлэл түлхүү түгээж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байгаа гэнэ. Уншигч та дээрх аймаг, сумд амьдардаг бол нөхөн сонгууль болох гэж буй талаар мэдээлэл авсан уу. Аль намаас, ямар хүн нэр дэвшиж байгаатай танилцсан уу. Энэ талаар анхаарлаа хандуулж, өдөр тутмын амьдрал, нөхцөлөө сайжруулахад оролцож, сонгох эрхээ заавал эдлээрэй.

Нийтлэгч С.Туул