
Засгийн газар эхний 100 хоногт хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа. Энэ үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар салбарынхаа мэдээллийг өглөө.
Тэрээр "Монголын байгаль орчны салбар хүнд өвчилсөн. Хууль эрхзүй, бодлого, үйл ажиллагаа, боловсон хүчин, хүний нөөц, энэ салбарын ажилтан албан хаагчдын ажиллах орчин нөхцөл хүнд байна. Тиймээс салбараа өвчнөөс нь салгах эн тэргүүний зорилго тавьж ажиллаж байгаа. Жишээ нь УИХ-аар батлагдсан тогтоол дээр Ерөнхийлөгч хориг тавьж, тэр хоригийг УИХ өнөөдөр хүлээж авч байгаагаар илэрч байгаа. Цаашид тусгай хамгаалалттай газар нутагт цөмрөх, алт ухах асуудал байхгүй болж байна. Тусгай хамгаалалттай газар нутагт авсан газраа цонхолж, алт ухах хэмжээний асуудал босож ирээд байсан. Энэ нь байгаль, орчны салбарын бодлого хүндэрснийг харууллаа.
2019, 2020 онд тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоож авснаас хойших хилийн цэс, хязгаарлалтын бүс өнөөдрийг хүртэл Засгийн газрын хуралдаанаар найман удаа ороод батлагдаагүй. Дандаа буцаж ирсэн. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар батлагдлаа. Ингэснээр тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэс 1.5 хувиар нэмэгдэж байна.
Намар, хаврын чуулганаар байгаль, орчны чиглэлийн арав орчим хууль хэлэлцүүлнэ. Одоо гурван хуулийн төсөл өргөн бариад байна" гэв.