Өнөөдөр орой буюу есөн сарын 2-ны өдөр хойд туйлын туяа Их Британийн Уэльс, Умард Ирланд болон Шотландын зүүн хойд хэсгээр харагдах магадлал өндөртэй байгааг “Met Office” мэдээлжээ.

Учир нь нарны идэвхжил нэмэгдсэнтэй холбоотойгоор хойд туйлын туяа ийнхүү өмнөд рүү илүү тод харагдах болсон байна.

Тиймээс олон нийтэд хотын гэрэлээс хол газар очихыг зөвлөсөн бөгөөд хэрэв туяа шууд харагдахгүй бол, гар утасны “night mode” ашиглан харах боломжтой гэж зөвлөжээ.

Урьдчилсан таамаглалын дагуу оройн турш үүл ихтэй байх боловч Их Британийн Мидландс орчмоор цэлмэг байх тул туйлын туяа үзэгдэх магадлал хамгийн өндөр гэв.

Хамгийн хачирхалтай агаад үзэсгэлэнтэй үзэгдлүүдийн нэг болох туйлын туяа нь дэлхийн соронзон орон нарны салхитай харилцан үйлчилснээр үүсдэг. Мөн туйлын туяаг эртний Грекийн домогт гардаг үүрийн туяаны охин тэнгэр Аврорагийн нэрээр нэрлэдэг аж. Нар дэлхий хоёр 150 сая километрийн зайтай байдаг ч нарны салхи нь дэлхий болон бусад гаргуудад тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Нарны толбонууд тэсрэх үзэгдэл буюу нарны салхи нь дэлхийн соронзон оронтой тодорхой цаг хугацааны давтамжтайгаар мөргөлдсөнөөр тэнгэрт туйлын гэрэл харагддаг байна.

“Met Office”-ийн сансрын цаг уурын менежер Криста Хаммонд “Бид “coronal mass ejection”-ийг ажиглаж байхад, хойд туяа урьд өмнөхөөс илүүтэй харагдах байдал нь өмнөд  рүү хэлбийх болсон. Хамгийн тод харагдах газрууд хойд хэсэгт байх боловч үүлгүй цэлмэг, харанхуй шөнөөр хүн бүхэн анхааралтай байвал туйлын туяаг харж болно” гэжээ.