
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрээр "Өчигдөр томоохон худалдааны төв, гэр хорооллын дэлгүүрүүдээр явж махны үнийг судаллаа. Тухайлбал, "E mart", "Номин"-гийн салбар, Баруун салааны "В mart", Зүүн салааны "Жинст" зэрэг дэлгүүрээр орж үзсэн.
Талхны үнэ янз бүр байдаг шиг махны үнэ янз бүр байна. Фермерийн мах 30 мянга хүрэх гэж байгаа нь үнэн. Намар бэлтгээд одоо гаргаж зарж байгаа мах 25-26 мянган төгрөг байна.
Нийслэлээс 5000 гаруй тонн мах бэлтгэж нөөцөлсөн юм байна. Энэ махыг гуравдугаар сард гаргадаг байсан. Гэтэл энэ жил нэгдүгээр сарын 20-нд худалдаанд гаргасан. Нөөцийн мах 380 гаруй дэлгүүрээр зарагдаж байна. Хонины мах 13000, үхрийн мах 15000 төгрөгийн үнэтэй байна. Иргэд нөөцийн махны чанарыг голохгүй байна. Харин түгээлт, хүртээмжид нь асуудал байна. Дэлгүүрүүд хөлдөөгчнийхөө багтаамжид тааруулаад нэг авахдаа 100-120 кг мах авдаг юм байна. Энэ нь ойролцоогоор гурав хоногт дуусдаг, дуусахаар нь дуудаж авах байдлаар түгээлт нь үргэлжилж байгаа юм байна. Нөөцийн махны гуравны нэг нь борлуулагдсан байна. Гуравны хоёрынх нь түгээлт, хүртээмжийг нь сайжруулах арга хэмжээ авна" гэлээ.