
“Sony” компанийн бүтээл болох “Spider-Man: Brand New Day” киноны трейлер цацагдсанаас хойш дөрвөн хоногийн дотор 1 тэрбум гаруй хүн үзсэн нь түүхэн амжилт боллоо. Тус кино долоодугаар сарын 31-ээс дэлхийн кино театруудад нээлтээ хийх юм. Гол дүрийг өөрчлөөгүй агаад хүн аалзын дүрийг Том Холланд бүтээжээ.
“WaveMetrix” платформын мэдээллээр, одоогийн байдлаар уг трейлерийн үзэлт 1.1 тэрбумд хүрч, бүх цаг үеийн хамгийн их үзэлттэй киноны трейлер болжээ.
Трейлер цацагдсанаас эхлэн 24 цагийн дотор 718.6 сая хүн үзсэн байна. Ингэснээр зөвхөн кино төдийгүй видео тоглоомын трейлерүүдийн түүхэнд хамгийн амжилттай цацагдсан трейлер болов. Эхний найман цагийн дотор дэлхий даяарх үзэлтийн тоо нь 373 саяд хүрч, аль хэдийн киноны түүхэнд бичигдэх амжилт олжээ.
“Spider-Man: Brand New Day” киноны трейлер нь мөн өмнө нь 475 сая үзэлттэйгээр дээд амжилт тогтоож байсан “Grand Theft Auto VI” видео тоглоомын трейлерийн 24 цагийн рекордыг эвдсэн аж.
Уг бүтээлд Зендаяа, Сэди Синк, Жейкоб Баталон, Жон Бернтал, Трамелл Тиллман, Майкл Мандо, Марк Руффало нар мөн тогложээ. Найруулагчаар Дестин Дэниел Креттон ажилласан байна.