
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежмент төсөл”-ийн концессын гэрээнд нэмэлт оруулах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тодруулбал, Хөшигийн хөндий дэх “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд нэмж оффисын зориулалттай барилга барих, авто зогсоолыг нь өргөтгөх шаардлагатай болжээ. "Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийн хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг 2019 оны долдугаар сарын 5-нд Засгийн газрыг төлөөлөн Үндэсний хөгжлийн газар “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-тай байгуулсан. Тус компанийн зүгээс нисэх буудлын талбайд оффисын зориулалтаар ашиглах барилга барих, авто зогсоолыг баруун болон зүүн тийш сунгаж, 250 орчим зогсоол нэмэх санал ирүүлжээ. Уг саналыг нь Засгийн газар дэмжээд байна.
Агаарын тээврийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүдийн тоо жил бүр нэмэгдэж, тэдэнд оффисын зай талбай шаардлагатай болжээ. Одоо ашиглаж байгаа оффисын зориулалттай зай талбайгаа нисэх буудалд үйлчилгээ эрхлэгчдэд түрээсэлж дууссан бөгөөд ашиглах сул зайгүй болсон байна.
Мөн угтан авагч, үдэн гаргагч нарын тоо нэмэгдэж нисэх буудлын авто зогсоолын хүчин чадал хүрэлцэхээ больжээ.
Концесс эзэмшигч нь нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлснээр улсын төсөвт төвлөрүүлэх концессын төлбөр нэмэгдэж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирна гэж үзсэн байна. Засгийн газар концесс эзэмшигч компанийн саналыг зайлшгүй хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Гэхдээ Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглаж эхлээд 10 жил ч хүрээгүй атал одоо өргөтгөх тухай яриад сууж байна. Манай улсын Засгийн газар, бодлого тодорхойлогчдод ямар ч алсын хараа алга. Алсын хараа гэдэг үг зөвхөн номын хавтсанд үлджээ. Зээл авч барьсан ч олон улсын ганц нисэх буудлаа илүү том барьж болох байлаа. Мөнгөндөө тааруулж барьсан ч мордохын хазгай болсон нь илт болов. Өргөн уудам тал нутагтай ч томхон барилга барьчих мөнгөгүй нь гачлантай. Удахгүй мөнгө нь байлаа ч өргөтгөж барих газаргүй ч болж мэднэ. Алсын хараагүйн улмаас Улаанбаатарт хийсэн алдаагаа Хөшигийн хөндийд ч давтсан. Тэнд замбараагүй газар олгож түүнийгээ буцааж авахаар шүүхдэлцэж явна. Энэ бүхнээс үзвэл алсын бүү хэл 10 жилийг ч төсөөлөх ойрын хараа алга.