
УИХ-ын Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар А.Ариунзаяа гишүүнээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандаж тавьсан асуулгын хариуг хэлэлцлээ.
Сайдын мэдээллийг Байнгын хорооны хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал танилцуулав. Хүүхдийн төлөө сангийн орлогыг улсын төсөв, хандив, тусламж, авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын хандив, тусламжийн орлогоос бүрдүүлэхээр журамласан байна. Сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцож амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах, энэ түвшний уралдаан тэмцээн, наадамд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх зориулалтаар зарцуулж буй ажээ.
Тус сангаас 2022-2025 оны хооронд зөвхөн олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилттай оролцсон хүүхдийн шагнал урамшуулал, мөн олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг зардалд нийт 1,007.8 сая төгрөгийг зарцуулжээ. Энэ онд санд нийт 1,150.1 сая төгрөгийн орлого төвлөрүүлж, хүүхдүүдэд олгосон дэмжлэг 461.5 сая төгрөг, хүүхдийн өвчлөл, хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн зардалд 1,933.0 сая төгрөг, олон улсын хүүхдийн Найрамдал цогцолборын урсгал засварын зардалд 1,394.2 сая төгрөг зарцуулжээ. Одоогийн байдлаар сангийн үлдэгдэл 26,782.4 сая төгрөг байна.