Жишээ 1. Монгол, Хятадын хил давахаар иргэд урт дараалал үүсгэн зогсжээ. Замын-Үүд, Эрээний хилийн боомт үргэлж л ачаалал ихтэй байдаг. Пасспортоо шалгуулах дөхөж байх зуурт 5-6 сартай гэмээр хүүхдээ тэвэрсэн эмэгтэй шууд л дугаар дайрахыг хүсэв. “Хүүхэд уйлаад байна, алив урдуур чинь орчихъё”. Бүдүүлэг, таагүй хандлага. Хүүхэд нь үнэхээр уйлаад байсан л даа. Гэхдээ урдуур нь орохоор зүтгэсэн хүмүүс нь түүний хүүтэй ойролцоо бяцханаа бас л тэвэрч, арай томыг нь хөтлөөд хэдэн минутын турш хүлээж байсан юм. Тиймээс хосууд “Бид ч ялгаагүй хүүхдээ тэврээд дугаарлаж байна шүү дээ” гэв. Тэгмэгц өнөөх эмэгтэйн дуу хадаад явчихлаа. “Манай хүүхэд уйлаад байна шүү дээ, юун сүртэй юм, та нар, муусайн юмнууд”... Залуу тэвчсэнгүй. “Миний хүүхэд дэлхий, хүний хүүхэд мэлхий гэж хандахаа боль. Бид нялх хүүхэдтэй гээд бусдын өмнүүр дайраагүй, адилхан дугаарлаж байна”. Өнөөх эмэгтэй хашхичсаар өөр нэгний урдуур шууд л дайран орж зогсоод хил түрүүлж гарав.
Жишээ 2. “Танай эгнээ явахгүй байна шүү дээ, алив ийшээ ор”. Нөгөө эгнээнээс арваад хүн пижигнэлдэн ирж нэлээд урд зогсож байсан ахын дэргэд зогслоо. Ард нь адилхан л хүлээж буй хүмүүс тэдэнд хамаагүй. Өөрсдөө түрүүлж гарах нь л чухал. Хэн нэгэн дургүйцэн шүүмжилбэл “Юун сүртэй юм” гээд л дуусна.
Жишээ 3. Монгол руугаа буцахаар Хятадын хилээр орох гээд суусан машиндаа нэлээд удаан хүлээв. “Хайрцагтай барааг заавал нэгбүрчлэн шалгана. Ажилтан нь ирээгүй байна гэнэ” хэмээсээр жолооч буцаж ирлээ. 40 минут хүлээв. Ирсэнгүй. Сав, баглаа боодлын бизнес эрхэлдэг ах хүү ажилтнуудынхаа хамт надтай нэг машинд суусан юм. Тэд нэлээд хэдэн том хайрцагтай ачаатай учраас хилээр оруулахгүй буцаагаад байсан нь тэр. Би ч бухимдаж эхлэв, “Ачаа ихтэй хүмүүстэй нэг машинд суудаггүй л байж” хэмээн бодлоо. Тэгтэл учир нь удалгүй тайлагдав. Биднийг гарахаас 1-2 өдрийн өмнө хайрцагт амьд ямаа хийгээд нэвтрүүлчихсэн байж, өнөөх “сэргэлэн” монголчууд маань. Хэн ч мэдээгүй, амжилттай нэвтрүүлчихсэн, гэхдээ цааш зөөж завдаагүй байж л дээ. Тэр үед нь нэг хятад байцаагч санаандгүй замд нь тээглэсэн хайрцгийг хөлөөрөө холдуултал дотроос нь ямаа майлжээ. Үүнийг “гайхамшиг” гэхээс яах билээ. Рентген шалганаар оруулахгүй, олуул бужигнаж байх зуурт л дүйвээнээр нь гаргачихсан бололтой. Нэг биш хэд, хэдэн ямаа оруулсан байсан гэсэн шүү. Үүнээс болоод Хятадын хилийн байцаагчид түргэн авч, монголчуудын том хайрцаг, чемодантай ачааг оруулахаа зогсоожээ. Ингэж л арын хүмүүстээ бусад монгол хүндээ хэдэн өдөр, сараар түвэг удаж байгаа юм. Гэхдээ ямаа оруулсан хүнд энэ хамаагүй л дээ.
Жишээ 4. УИХ-д ИЗНН-аас жагсаалтаар сонгогдсон гишүүн М.Нарантуяа-Нарагийн зуслангийн байшингийн цахилгааныг тасалсан юм байна. Энэ талаар бичсэн постод нь сэтгэгдэл үлдээсэн хүнийг “Эргүү мал минь” хэмээн дууджээ. Түүний хувьд энэ бол хамгийн зөөлөн хариу. Бусдыг бүдүүлэг үгсээр харааж, доромжлох нь түүний хувьд байдаг л зүйл. Ёс зүй, дэгийн байнгын хороогоор түүний бүдүүлэг зан, харилцааг хоёронтоо авч хэлэлцсэн. Гэвч энэ мэтээр сануулга өгөөд ч угаас байхгүй ёс зүй түүнд бий болсонгүй.
Жишээ 5. Монгол Улсын 33, 34 дэх Ерөнхий сайдаар таван жил ажилласан Л.Оюун-Эрдэнийн хүү, 23 настай залуу эцгийнхээ жилийн орлогоос давсан мөнгөөр найз бүсгүйдээ бэлэг сэлт авч өгч, сүй тавих ёслол зохион байгуулав. Авлигын ноцтой хэрэг ард нь байгаа гэж үзсэн иргэд орлогоо нотлохыг шаардаж, 21 хоног жагсахад хариу өгсөнгүй, нуугдлаа. Орлогоо нотолж чадсангүй, ёс зүйн хариуцлага хүлээгээд өөрөө огцрох өргөдлөө ч өгсөнгүй, албан тушаалтайгаа зууралдав. Ёс суртахуунтай улстөрч ийм үйлдэл хийхгүй. Эцэст нь өөрийн асуудлаа Засгийн газар, УИХ-ынх болгон томрууллаа. Парламент хэдийнэ дэмжсэн мега төслүүдийг үргэлжлүүлэхэд нь итгэл үзүүлээч гэдэг санал оруулж, бүдрээд огцорлоо. Гэхдээ энэ явдалд нэг сайн тал байв. УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Э.Болормаа, Н.Батнайрамдалаас эхлээд яаж “долоож” болдгийг иргэд харав. Аливаа асуудалд хүн бүрийн үзэл бодол өөр. Гэхдээ дэмжих, “долоох” хоёр өөр. УИХ-ын чуулганаар асуудлыг нээлттэй хэлэлцсэнээр Ерөнхий сайд асны ч, УИХ-ын гишүүдийн ч ёс зүйг бид ялгаж салгаж харсан нь сайн хэрэг.
Жишээ 6. Монгол түмний өв соёл болсон морьт харвааны спортод бэлтгэгдэж байсан 18 морь Жаргалантын амнаас хулгайд алдагдсан талаарх мэдээлэл нийгмийн сүлжээнд цацагдав. Хулгайд алдагдсан 18 адууг бойнд өгсөн хэрэгт 17-29 насны дөрвөн залуу холбогдсон болохыг өнөөдөр цагдаагийн газраас мэдээллээ. Тэгвэл Монголын үндэсний морьт харвааны үүсгэн байгуулагч Б.Болдбаатарын хэлснээр муу зуршлаас салган морьт харваанд сургаж, амьдралд гэрэл нэмэхийг мөрөөдөж явсан шавь нар нь энэ хэрэгт холбогджээ.
Энгийн иргэдээс эхлээд төрийн албан хаагчид, УИХ-ын гишүүд, сайд нар нь хүртэл гээд монголчуудын олонх нь ёс суртахууны доройтолд орсныг нотлох захын жишээ л ийм. Энэ нь нийгмийн тулгамдсан асуудал болсныг судлаачид хэдийнэ хүлээн зөвшөөрч, хүүхдэд бага наснаас нь ёс суртахууны боловрол олгох талаар анхаарч, төрийн бодлогодоо тусгаач хэмээн сүүлийн хэдэн жил эрчимтэй сануулж буй. Гэвч хэрэгжсэн бодит ажил хомс байна.
Ёс суртахуун гэдгийг үзэл санаа ба шийдвэрийн хоорондын ялгаа хэмээн тодорхойлжээ. Мөн “Сайн, мууг ялгаж, сөрөг бодол, сэдэл, үйлдлийг арилгаж чадахуйц дотоод сэтгэлийн сахилга бат” гэсэн тодорхойлолт илүү ойлгомжтой санагдаж байна.
Дараалал дайрах нь, ажлын цагаар үүдэндээ олон иргэн хүлээлгэчихээд танилтайгаа хууч хөөрч суух нь, албан тушаал, эрх мэдлээ ашиглан өөртөө давуу байдал бий болгох, авлига авах, гэмт хэрэг үйлдэх нь, сонгуулиар мөнгө тарааж санал худалдан авч УИХ-ын гишүүн болох нь, бодлого тогтоогч атлаа үг, үйлдэл, уур бухимдлаа татаж чадахгүй, иргэдээ доромжлоод суух нь ч ёс суртахуунгүйн тод томруун жишээ юм. Тэд буруу гэдгийг нь “гадарладаг” байх. Гэхдээ багаасаа ёс суртахууны боловсрол эзэмшээгүй, зөвийг биш бурууг хийхээс эмээхгүй, ичихгүй болж төлөвшсөнд асуудал бий. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн аминч үзэл ч үүнээс эхтэй. “Ёс суртахуун хүнийг бий болгож, мөн чанарыг тодорхойлдог. Аминч үзэл, шунал, өөрийгөө зөвтгөх зан зэргийг ёс суртахуун л эмчилнэ” хэмээн МУИС-ийн профессор Р.Дарьхүү хэлжээ.
Зохиолч В.Гюго “Шоовдор хүмүүс” зохиолдоо “Ёс суртахууны хууль л хүмүүсийн харилцааг зохицуулж чадна, харин нийгэмд үйлчилж буй хууль хоёрдугаар зэргийн үүрэгтэй” гэсэн байдаг.
Тэгвэл бурууг үйлдэхийг тэвчих ухааны хажуугаар зөрөөд, нэгэнт насанд хүрчихсэн хүмүүсээс ёс суртахуун нэхээд бүтэхгүй нь. Нийтээрээ ёс суртахууны доройтолд орсон монголчуудыг ирээдүй үе маань л аварна. Ёс суртахуунтай, ичих булчирхайтай хэсэг нь цөөнх болчихоод, олонхоо хүмүүжүүлж барахгүй байна. Тиймээс хүүхдүүдэд багаас нь төрийн бодлогоор ёс суртахууны хичээл зааж, боловсрол олгох учиртай. Эцэг, эх нь “нэгэнт өнгөрсөн” байсан ч тэдний буруу үйлдлийг хүүхдүүд нь таслан зогсоох сэтгэл зүйг сахилга бат, дархлаатай болж өснө гэсэн үг.
С.Туул