
Ө.О нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, толгойн эм гэх нэршилтэй, 3х2 гэсэн бичиглэлтэй жижиг уутанд хийсэн, ногоон өнгийн долоон ширхэг эм, цагаан өнгийн 12 ширхэг эмийг 2024 оны тавдугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын хилээр оруулжээ. Улмаар мөн өдрөөс 2024 оны наймдугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд *****гэх нэртэй хүнсний дэлгүүрт толгойны эм нэрээр худалдсан байна. Тус хэрэгт зөвшөөрөлгүй эмийг импортолсон, худалдсан гэх заалтад үндэслэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээс Ө.О-г “Эмийг импортлох-ханган нийлүүлэх, худалдах үйл ажиллагааг зохих зөвшөөрөлгүйгээр явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,5 сая төгрөгөөр торгох ял оногдуулж, хураагдсан 19 эмийг устгахаар шийдвэрлэсэн байна.
Прокурорын байгууллага тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар “Хууль бусаар эм, эмийн түүхий эд биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, экспортлох, имтортлох, ханган нийлүүлэх худалдах” 26 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, гэм буруугийн асуудлыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.