Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд байрладаг Шар хөвийн хоолойд 539 га талбайд мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл, "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-ийг байгуулж буй.
БНСУ-ын "Smart Energy platform"-той хамтран паркийн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр болох 10 МВт-ын нарны цахилгаан станцыг байгуулахаар тус улсын хөрөнгө оруулалтаар ТЭЗҮ-ийг боловсруулж байна.
Мөн төслийн инженерийн дэд бүтэц буюу үерийн хамгаалалтын барилга байгууламж, технологийн ус хангамжийн барилга байгууламж, хэрэглэгчдийг холбох инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн төсвийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж байгаа аж. Магадлалын ерөнхий дүгнэлтийг албажуулахаар ажиллаж эхлээд байгаа билээ.
“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” төсөл хэрэгжсэнээр байгаль орчны бохирдлыг бууруулах, үйлдвэрлэлийн технологийг шинэчлэх, аж үйлдвэрийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, иргэдийн ажил, амьдрах орчныг сайжруулах зэрэг олон талын үр өгөөжийг бий болгох юм.

