
Засгийн газар энэ сарын 3-нд олон улсын зах зээл дээр шинээр 500 сая ам.долларын бонд гаргалаа.
Ойрхи Дорнодод болж буй мөргөлдөөн дэлхийн эдийн засгийг хүчтэй савлуулж, тодорхойгүй нөхцөл байдлыг улам гааруулсаар буй. Яг энэ цаг хугацаанд Монгол Улс “мөс зүсэж” бонд гаргав. Мөн хүлээлтээс давсан захиалга авч хүүгийн түвшнийг бага байлгах боломж бүрдсэн гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ. Баатарлаг үйлс мэтээр төсөөлөгдөх гадаад зах зээлд бонд гаргах нь гавьяа юу, аргагүй хамгаалалтын арга хэмжээ юу гэдэг нь хамгийн чухал.
Сангийн яамны өгч буй мэдээллээр манай улстай зэрэгцэн таван улсын Засгийн газар олон улсын зах зээлд бонд гаргахаар төлөвлөсөн ч геолопотикийн нөхцөл байдлаас шалтгаалж хөгжингүй болон хөгжиж буй орнууд, корпорацууд бүгд саналаа цуцалсан гэх. Харин манай улсын хувьд дараах нөхцөлтэйгөөр бондоо гаргажээ.

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг УИХаас батлахдаа өрийг дахин санхүүжүүлэх зориулалтаар нэг тэрбум ам.доллар хүртэлх гадаад үнэт цаас гаргахыг Засгийн газарт зөвшөөрсөн.
Энэ хүрээнд ирэх дөрөвдүгээр сарын 7-нд төлөх хуваарьтай “Номад” бондын 154 сая ам.доллар, 2028 онд төлөх ёстой “Сенчири-2” бондын 321.6 сая ам.долларын өрийг дахин санхүүжүүлж өрийг өрөөр дарахаар 500 сая ам.долларын бонд гаргаад байгаа нь энэ.
Иргэд банкны зээлээ төлөхийн тулд ББСБ-аас өндөр хүүтэй зээл авах нь элбэг. Энэ нь иргэдийн өрийн дарамтыг нэмэгдүүлдэг. Яг үүнтэй ижил Засгийн газар шинээр бонд гаргах, тэр дундаа өрийг дахин санхүүжүүлэхээр бонд гаргах тохиолдолд хүүгийн түвшин хамгийн чухал. Манай улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эдийн засгийн өсөлт тогтвортой түвшинд байсан нь өнгөрсөн онд зээлжих зэрэглэл сайжрахад нөлөөлсөн.

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга
Засгийн газар хэдий хэмжээний бага хүүтэй бонд гаргаж чадна тэр хэмжээгээр хувийн хэвшил олон улсын зах зээлээс бонд босгоход өгөөжтэй. Энэ удаад гаргасан бондын хүү нь АНУ-ын Төв банкны зургаан жилийн хугацаатай үнэт цаасны хүү дээр нэмэх нь Монгол Улсын эрсдэл нэмэгдэж гарсан дүн. Энэ жишгээр Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээл дээр гаргасан бондын хүү дээр тухайн компани, банк, хувийн хэвшлийн байгууллагын эрсдэлийг нэмж тооцсон дүнгээр хүүгийн түвшин нь тогтдог. Тэгэхээр 2032 он хүртэл 5.95 хувийн суурь хүүтэйгээр олон улсын зах зээлд бонд гаргах боломжийг хувийн хэвшилд олгож байна. Манай улс ижил түвшний зээлжих зэрэглэлтэй улс орнууд дундаа хамгийн бага хүүтэй бонд гаргаж чадаж байгаа цөөн орны нэг.
“Голомт капитал ҮЦК” ХХК-ийн Судалгааны хэлтсийн захирал Т.Азтүшиг
“Номад” бондын 5.125 хувийн хүүтэй харьцуулахад энэ удаад гаргасан “Сенчири-5” бондын хүү бага. Олон улсын зах зээл дээр АНУын Төв банкны зурграан жилийн хугацаатай үнэт цаасны хүү 3.6 байгаа нь хүүгийн түвшинд шууд нөлөөлж, үүн дээр Монгол Улсын эрсдэлийн нэмэгдэл 2.2 хувийг тооцож бондын хүүг тогтоосон. Үүнээс гадна энэ бондоор 2028 онд төлөгдөх хуваарьтай “Сенчири-2” бондын 360 гаруй сая ам.долларын өрийг дарж байгаа. “Сенчири-2” бондын хүү 8.65 байгаа учраас өрийн зардлыг бууруулахад нөлөөллөө гэж харж байна.
“Сенчири-5” бондын хүүгийн түвшнээс 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардал хэмнэх боломж бүрдлээ гэж Сангийн яамнаас мэдээлсэн. Төсөв алдагдалтай үед хүүгийн зардлын энэ хэмнэлт нь алга таших үйлдэл мэт боловч зориулалтыг нь харвал цаг аргацаасан, урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн нэг удаагийн л өрийн удирдлагын арга хэмжээ.

Засгийн газар ямар
үед өр үүсгэх боломжтой вэ?
- Төсвийн алдагдлыг санхүүжүүлэх,
- Төсвийн улирлын чанартай
орлогын дутагдлыг санхүүжүүлэх,
- Засгийн газрын дотоод үнэт цаасны зах зээлийг
дэмжих,
- Өрийг дахин санхүүжүүлэх,
- Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт
бичигт туссан төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх,
- Улсын төлбөрийн тэнцлийг
дэмжих зорилгоор Монголбанкны гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэх,
-
Банкны салбарын тогтвортой байдлыг хангах тухай хуульд заасны дагуу төрөөс
банкийг дахин хөрөнгөжүүлэх.
Өрийн удирдлагын тухай хуулиас
Хуульд өр үүсгэх олон хувилбар бий ч ихэвчлэн Монгол Улс төсвийн алдагдал нөхөх, өрийг дахин санхүүжүүлэх зорилгоор л бонд гаргажээ. 2012 онд гаргасан “Чингис” бондоос хойш “Димсам”, “Мазаалай”, “Гэрэгэ”, “Самурай”, “Евро”, “Хуралдай”, “Номад”, “Сенчири-1”, “Сенчири-2”, “Сенчири-3”, “Хүннү”, “Сенчири-4”, хамгийн сүүлд гаргасан “Сенчири-5” зэрэг 10 гаруй бонд гаргажээ. Ингэхдээ тухайн үеийн эдийн засаг, зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч өндөр хүүтэйгээр бонд гаргаж байсан ч удаатай. Засгийн газраас ДНБ-д эзлэх Засгийн газрын өр, өрийн үйлчилгээний зардал буурч байгаа гэх боловч нэрлэсэн дүнгээр харвал өрөнд төлөх төлбөр жилээс жилд өссөөр. 2026 онд “Номад” бондын эргэн төлөлтөөс гадна бусад өрийн үйлчилгээнд нийт 3.9 их наяд төгрөг төлөхөөр байгаа нь төсвийн зарлагын 10 хувийг давсан үзүүлэлт.
“Өлзий энд ко капитал ҮЦК” ХХКийн гүйцэтгэх захирал Б.Өлзийбаяр
Эдийн засагт хуримтлал үүсэхгүй байгаа учраас өрөө төлж чадахгүй, нэг бондын өрөө нөгөө бондын санхүүжилтээр төлж байна. Яг бодитой эдийн засгийн өсөлт харагдахгүй байна. Эдийн засаг үнэхээр өсөөд байгаа бол дотоодод хуримтлал бий болж, өрөө дахин санхүүжүүлэх биш төлөх чадвартай байна шүү дээ.
Эдийн засагч, судлаач, доктор А.Энхбат
2027 оны өдийд мөн л Засгийн газар өмнө авсан бондын 2028 онд төлөх өрийг дахин санхүүжүүлэхээр “Сенчири-6” гэж бонд гаргах нь ойлгомжтой. Тэгэхээр өрийг өрөөр санхүүжүүлдэг гинжин хэлхээнээсээ бид салах хэрэгтэй байна. Монгол Улсын гадаад валютын албан нөөц 6.8 тэрбум ам.долларт хүрсэн байна. Тэгэхээр төсөвт болон макро эдийн засагт ирэх дарамтыг бууруулахын тулд өрийг өрөөр санхүүжүүлэх биш ойролцоогоор 500 сая ам.долларын бондын өрөө нэг удаад төлчих хэрэгтэй. Ингэснээр цаашид нэн шаардлагатай байгаа мега төслүүд болох гангийн үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр, алт цэвэршүүлэх үйлдвэр зэрэг нэмүү өртөг шингээх, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр бий болгох төслүүдээ санхүүжүүлэхээр бэлэн ТЭЗҮ-тэй төслүүддээ зориулж бонд гаргах учиртай.
Засгийн газрын бондын
эргэн төлөлтийн хуваарь (ам.доллар)
2026 “Номад” 154 сая $
2027 “Сенчири-1” 413.1 сая $
2028
“Сенчири-2” 450 сая $
2029 “Сенчири-3” 350 сая $
2030 “Сенчири-4” 500 сая $
2031 “Сенчири-1” 500 сая $
2032 “Сенчири-5” 500 сая $
Сангийн яам
Өнгөрсөн хугацаанд бондын өр төлсөн гэх үе үеийн Засгийн газрын сүржин мэдэгдлүүд ирээдүйдээ өрийн дарамт нэмснээс хэтэрсэнгүй. Зорилго нь зөв ч зарцуулалт нь ихэвчлэн буруу байдаг. Мөн эргээд өрийн хавх бий болгож, өнөөдрийн боломжийг тушсаар, өрийн хэлхээг нэмсээр. 2032 он хүртэл нэг жилээр сунасан гадаад өрийн буухиа цаашид хэдий хугацаанд үргэлжлэх, тэр хугацаанд өрийн зардал хэрхэн өсөхийг таашгүй. Ямар боловч 2012 онд тухайн үеийн Ерөнхий сайд Сү.Батболд “Өрийг өрөөр дарах нь архиар шараа тайлахтай адил” гэж зүйрлэж байсан юм. Гэвч өнгөрсөн хугацаанд Монгол Улс “архиар шараа тайлсаар” л байна.