
АНУ-ын тал Ираны цэргийн 90 байг онилсон гэж мэдэгдсэн бол Техран сүүлийн хоёр хоногт болсон халдлагын улмаас 14 хүн амь үрэгдсэн тухай дамжууллаа. Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслээр Бушерийн цөмийн цахилгаан станцын ойролцоо байрлах объектууд цохилтод өртсөн гэж мужийн орлогч захирагчийн үгнээс иш татан мэдээлсэн байна. АНУ одоогоор сүүлийн цохилтуудын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Иран улс хариу арга хэмжээ авч Кувейт, Бахрейн, Катар дахь АНУ-ын объектуудыг онилсон гэж мэдэгдсэн юм. Пүрэв гаргийн орой Кувейт, Йордан, Ирак дахь цэргийн объектуудад дахин цохилт өгсөн гэж Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ.
Энэхүү үйл явдал нь Ираны дээд удирдагч агсан Аятолла Али Хаменеитай салах ёс гүйцэтгэх зургаан өдрийн оршуулгатай давхацсан бөгөөд Машхад хотын Имам Резагийн бунханд мянга мянган мөргөлчид цугларсан байна.
Машхад хотын гудамжинд олон хүн цугларч, Ираны далбааг намируулан, зарим нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын амь насанд заналхийлсэн утгатай уриа лоозон барьжээ. Дээд удирдагч Хаменеи өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд АНУ болон Израилийн Иранд хийсэн эхний цохилтод амиа алдсан юм.
АНУ-ын цохилтын дараа Ираны зүүн өмнөд хэсгийн Чабахар хотын томоохон боомтын хяналтын цамхагт гэмтэл учирсныг баталгаажуулсан хоёр видео бичлэг цахим орчинд нийтлэгджээ. Ираны Гадаад хэргийн яам АНУ-ын сүүлийн үеийн цохилтыг ноцтой дайны гэмт хэрэг гэж буруушаан, Цагаан ордны засаг захиргааг "муу санаатай, сэтгэл зүйн эмгэгтэй" гэж тодорхойлсон байна. Мөн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Техраныг Машхад хоттой холбосон гүүр болон төмөр замын шугам ноцтойгоор гэмтжээ.
Ираны Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, таван мужид 14 хүн нас барж, 78 хүн шархадсан байна.
Тэгвэл АНУ-ын цохилтын дараа Персийн булангийн орнууд Ираны халдлагад өртсөн тухай мэдээлж байна. Бахрейны нийслэл Манама хотод дэлбэрэлт болж, Кувейтийн тал пуужин болон нисгэгчгүй аппаратуудыг унагаасан бол Катар улс аюулгүй байдлын сэрэмжлүүлэг гаргажээ.
Пүрэв гаргийн орой Ираны өмнөд хэсгийн Конарак боомтод дэлбэрэлтийн чимээ сонсогдож, орон нутгийн албан тушаалтан Ираны албан ёсны мэдээллийн агентлагт тэнгисийн цэргийн бааз руу "дайсан" халдсан тухай мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч АНУ-ын батлан хамгаалах алба BBC-д сүүлийн хэдэн цагийн турш Иранд ямар ч цохилт хийгээгүй гэж мэдэгджээ.
Ираны парламентын дарга бөгөөд АНУ-тай хийх хэлэлцээрийн ахлах төлөөлөгч Мохаммад Багер Галибаф X хуудсандаа "АНУ дээрэлхэх, амлалтаа зөрчих нь төлөөсгүй өнгөрдөггүй гэдгийг сураагүй хэвээр байна. Ормузын хоолой нь АНУ-ын заналхийллээр бус зөвхөн Ираны зохицуулалтаар нээгдэх болно" гэв.
АНУ-ын Төв командлал (Centcom) сүүлийн цохилтуудыг чухал усан замд Иранаас арилжааны тээвэрлэлт болон гэм зэмгүй иргэний далайчид руу халдах чадварыг улам сулруулах зорилгоор хийсэн гэж мэдэгдэв. Мэдэгдэлд дурдсанаар, Ираны эрэг дагуух агаарын довтолгооноос хамгаалах систем, цэргийн логистикийн дэд бүтэц зэрэг Ираны цэргийн 90 байг устгасан байна.
Бие даасан танкер эзэмшигчдийн олон улсын байгууллага болох Intertanko-ийн далайн асуудал эрхэлсэн захирал Фил Белчер хэлэхдээ, мөргөлдөөн ширүүссэний улмаас Оманы талд ойрхон урд чиглэлээр хоолойгоор дамжин өнгөрч буй хөлөг онгоцны тоо нэг оронтой тоонд хүрч цөөрсөн байна.
Лхагва гаргийн шөнө Ираны төрийн телевиз Бандар Аббас хотод найман дэлбэрэлт болсон тухай мэдээлсэн бол хоёр пуужин Ираны өмнөд хэсэгт орших Сирик болон Жаск боомтуудыг оножээ. Мөн Иран болон Арабын Нэгдсэн Эмират Улсын хооронд маргаантай байсаар ирсэн Абу Муса аралд хоёр пуужин унасан тухай мэдээлэл ирлээ.
АНУ-ын цохилтын улмаас учирсан хохирлын хэмжээ хараахан тодорхой болоогүй байгаа ч Ираны хэвлэлүүд Чабахар хотод цахилгаан тасарч, Бушер дахь Исламын хувьсгалт гвардийн корпусын хуаранд гал гарсан тухай мэдээлсэн байна. Сошиал медиа дахь зургуудаас үзвэл Чабахар дахь тэнгисийн хяналтын цамхаг эвдэрсэн байна.
Одоогийн нөхцөл байдал нь өнгөрсөн 6 дугаар сарын 17-нд АНУ болон Ираны хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулагдсанаас хойших хамгийн хүнд харилцан цохилт болоод байна.
Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн сард Ирантай байгуулсан гал зогсоох хэлэлцээр одоо "дууссан" гэж мэдэгджээ. Тэрээр сэтгүүлчдэд хэлэхдээ: "Би тэдэнтэй дахиж харилцахыг хүсэхгүй байна, тэд бол новшнууд. Та новш гэж юу болохыг мэдэх үү? Тэд бол новшнууд. Тэд бол өвчтэй хүмүүс" гэжээ.
Үүний хариуд Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи X хуудсандаа: "Бид бүдүүлэг байдалд бүдүүлгээр хариулахгүй. Харин үйл ажиллагаагаар, айдасгүйгээр, агуу зоригтойгоор хариулах болно" хэмээн бичжээ.
АНУ болон Ираны хоорондын хэлэлцээрт 14 заалт тусгагдсаны дотор хэлэлцээ үргэлжлэх 60 хоногийн хугацаанд гал зогсоох, Ормузын хоолойгоор хөлөг онгоцнуудыг аюулгүй нэвтрүүлэх, АНУ Иранд тавьсан хориг арга хэмжээгээ цуцлах зэрэг багтсан байв.
Хэлэлцээ хийх 60 хоногийн хугацаа хараахан дуусаагүй байгаа ч Трамп цаашдын хэлэлцээг "цаг гарзадсан хэрэг" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.