
Техраны залбирлын танхимд Ираны дээд удирдагч агсан Али Хаменеин шарилыг байрлуулах үеэр Дональд Трампыг хөнөөхийг шаардсан жагсаал цуглаан өрнөв. Иран улс АНУ болон Израилийн дайны эхний өдөр гэр бүлийн бусад гишүүдийн хамт алагдсан дээд удирдагчийн дурсгалд зориулж долоо хоногийн турш олон нийтийн оршуулгын ёслол зохион байгуулж байна. Дайны улмаас оршуулах ёслолыг хэдэн сараар хойшлуулаад байсан юм.
Техран хотын Гранд Мосаллад болж буй оршуулгын залбирал мөргөлийг уй гашууг өшөө авах уриалгатай хослуулсан улс төрийн үзүүлбэр гэж хэлж болно.
Хүмүүс олноороо сүмд хонож эсвэл өглөөний 8 цагт эхлэх мөргөлөөс өмнө үүр цайхаас урьтаж иржээ. Ираны төрийн далбаа болон амь үрэгдсэн удирдагчийнхаа хөргийг барьж, өшөө авалтыг бэлгэдсэн улаан туг намируулсан иранчууд бямба гаргаас хавьгүй олноор цуглаж илүү тэмцэгч шинжтэй болсон байв.
"Үүнээс хойш бидний өмсгөл бол оршуулгын цагаан даавуу байх болно. Таны цусаар тангараглая; Трампыг устгах нь бидний үүрэг хариуцлага" гэж мөргөлийн өмнөх залбирал уншлагын үеэр яруу найрагч Мохаммад Расули хэлэв. Тэрээр үргэлжлүүлэн "Дэлхийн хамгийн бузар эр яагаад амьд байсаар байна вэ? Дэлхий ертөнц Трампын хувьд дахиж аюулгүй газар биш. Бидний удирдагчийг хөнөөсөн хүнийг бид яагаад алж болохгүй гэж? Хэрэв бид тэгэхгүй бол энэ нь шившгээр дуусна" гэлээ.
Түүний урьдчилан бэлдэж, зөвшөөрөл авсан энэ үг олон янзын хариу үйлдэл дагуулсан ч цугласан олны ихэнх нь дэмжиж байв.
Иранаас Армени улсад суугаа элчин сайд Халил Ширголами Х хуудсандаа "Та хүмүүсийг алж чадах ч үзэл санааг нь устгаж чадахгүй. Та бүхэн Аялатолла Хаменеиг хөнөөсөн ч бодит байдал дээр үнэртэй усны савыг хагалчихлаа, одоо тэр анхилуун үнэр хаа сайгүй тархсан. Танд соёл иргэншил, түүх, нэр төр байхгүй учраас үүнийг хэзээ ч ойлгохгүй" гэж бичжээ.
Оршуулгын гол мөргөлийг Кум хотын 97 настай шашны зүтгэлтэн Аялатолла Жафар Собхани удирдаж буй. Харин Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменеи эцгийгээ таалал төгссөнөөс хойш олны өмнө харагдаагүй. Эцгийгээ өөд болсноос хойш 10 хоногийн дараа Дээд удирдагчаар томилогдсон Можтаба сүүлийн гурван сарын хугацаанд олны өмнө гарч, эсвэл ямар нэгэн дуу хураагуур бүхий мессеж үлдээгээгүй бөгөөд өнгөрсөн пүрэв гарагт болсон эхнэрийнхээ оршуулгад ч оролцоогүй юм. Түүний ах дүүс болох Мустафа, Масуд, Мейсам нар оршуулгын ёслолд оролцон эцгийнхээ авсны дэргэд мөр зэрэгцэн зогсож байгаа дүрсийг дамжууллаа.
Ираны засгийн газрын улс төр, цэрэг арми, шүүх засаглалын ихэнх өндөр албан тушаалтнууд, түүний дотор Аль-Кудс хүчний командлагч Эсмаил Каани, Исламын хувьсгалт гвардийн (IRGC) командлагч Ахмад Вахиди нар оршуулгад оролцсон нь АНУ-тай байгуулсан гал зогсоох хэлэлцээр энэхүү ёслолд халдашгүй байх баталгаа болж өгснийг илтгэнэ.

Албан ёсны ирцийн тоо гараагүй ч эрх баригчид ёслолын эхний өдөр 2 сая гаруй хүн оролцсон гэж мэдэгдсэн байна. Ёслолын хүрээнд даваа гарагт Техранд олон нийтийн жагсаал болж, удирдагчийн шарилыг ариун Кум хот руу аваачин улмаар Иракийн хоёр ариун хотоор дамжин дараа нь Хаменеигийн төрсөн нутаг болох Машхадад оршуулах юм.