Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2025 оны 12 дугаар сарын зудын эрсдэлийн ерөнхий үнэлгээг гаргажээ.
Тодруулбал зудын эмзэг байдлыг 2025-2026 оны өвөл-хаврын бэлчээрийн даац, зуны бэлчээрийн ургац, малын тарга хүч авсан байдал, бэлтгэсэн хадлан өвс, тэжээл, малчдын түвшинд бэлтгэх тэжээлийн хэрэгцээ, төв суурин газраас алслагдсан айл өрх, хүн амын тоо зэрэг мэдээллүүд дээр үндэслэн боловсруулсан аж.
Зудын эрсдэлийн аюул, өртөнгө, эмзэг байдлаар тооцоолсон ерөнхий үнэлгээгээс харахад нийт нутгийн 23 хувьд нэн их, 58 хувьд их, 18 хувьд дунд, нэг хувьд бага байхаар байна. Тухайлбал Баян-Өлгий, Увс, Хөвсгөл, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгуудын ихэнх, Ховд, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай зарим нутгаар зудын эрсдэл ихтэй байх төлөвтэй байна.
Иймд мал өвөлжилт хүндэрч буй болон хүндэрч болзошгүй бүс нутгуудад онцгойлон анхаарч цаг уурын байгууллагаас гаргадаг богино, дунд, урт хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээ болон тухай бүр шинэчлэн гаргах зудын урьдчилсан төлөвийн мэдээг тогтмол авч ашиглахыг зөвлөлөө.