
Хятадын засгийн газар лхагва гарагт Өмнөд Хятадын тэнгисийн хойд хэсэгт орших, стратегийн чухал байршилтай, Тайванийн хяналтад байдаг жижиг шүрэн арлын орчимд эргийн хамгаалалтын алба нь “дэг журам сахиулж байгаа” талаар мэдэгдлээ. Харин Тайванийн эрх баригчид Бээжин тус бүс нутагт өөрийн хууль, эрх мэдлийг хэрэгжүүлэхийг оролдож байна хэмээн болгоомжилж байгаа юм.
Ардчилсан засаглалтай Тайванийг өөрийн нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үздэг Хятад улс өнгөрсөн долоо хоногт Пратас арлуудын ойролцоо Тайванийн эргийн хамгаалалтын алба Хятадын загас агнуурын хөлөг онгоц руу усан буу ашигласныхаа “үр дагаврыг хүлээх ёстой” гэж мэдэгдсэн билээ.
Тайванийн тал ням гарагаас хойш Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд Пратас арлуудад ойртсон хоёр тохиолдлыг бүртгэж, Бээжинг өдөөн хатгасан үйл ажиллагаа явуулж байна хэмээн буруутгажээ.
Хятадын Төрийн зөвлөлийн Тайванийн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Бээжин Пратас арлууд болон тэдгээрийн эргэн тойрны усан бүсийг оролцуулан Өмнөд Хятадын тэнгисийн арлуудад “маргаангүй бүрэн эрхт байдалтай” гэж мэдэгдэв.
Тус газрын хэвлэлийн төлөөлөгч Жан Хань сэтгүүлчдэд хандан “Эх газрын Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд холбогдох усан бүсэд хууль сахиулах эргүүл хийж байгаа нь хуульд заасан үүргээ биелүүлж, далайн тээвэр болон бусад үйл ажиллагааны хэвийн дэг журмыг хамгаалж буй хэрэг юм” гэжээ.
Тэрбээр Хятадын хөлөг онгоцууд “Тайванийн хоолойн хоёр эргийн иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, амь нас, эд хөрөнгийн аюулгүй байдлыг үр дүнтэй хамгаалж байна” хэмээн нэмж хэлсэн байна.
Мөн Тайванийн эрх баригч нам салан тусгаарлах байр сууриа баримталж байгаа нь Тайванийн хоолойн хоёр эргийн хооронд дайн дэгдэх аюулын үндсэн шалтгаан гэж Жан Хань мэдэгджээ.
Харин Тайванийн засгийн газар Бээжингийн нутаг дэвсгэрийн талаарх шаардлагыг няцааж, Тайванийн ирээдүйг зөвхөн ард түмэн нь өөрсдөө шийдэх эрхтэй гэж үздэг.
Хятад улс Тайванийн бүрэн эрхт байдлын талаарх аливаа шаардлагыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд тус арлыг өөрийн хяналтад оруулахын тулд хүч хэрэглэх боломжийг хэзээ ч үгүйсгэж байгаагүй юм.
Пратас арлууд нь Тайванийн өмнөд хэсэг болон Хонконгийн хооронд ойролцоогоор оршдог бөгөөд байнгын оршин суудаг энгийн иргэдгүй ажээ.
Аюулгүй байдлын шинжээчдийн үзэж байгаагаар, эдгээр арал Тайваниас 400 гаруй километрийн зайд оршдог тул Хятадын цэргийн довтолгоонд өртөмтгий байршилтай.