
Ази тивийн ном хэвлэлийн салбарын хамгийн том цугларалт болох Бээжингийн олон улсын номын үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид оролцож байна. Тус үзэсгэлэн нь цар хүрээгээрээ Германы Франкфуртын номын үзэсгэлэнгийн дараа ордог томоохон соёлын арга хэмжээ юм.
Үзэсгэлэн зургаадугаар сарын 17-21-нд БНХАУ-ын Бээжин хотын Чаоян дүүрэгт байрлах Хятадын Үндэсний хурлын төвд үргэлжилж байна.
Манай улсаас “Номын соёлт ертөнц” ТББ гүйцэтгэх захирал, Номын баярын санаачлагч, багийн ахлагч Б.Сувд, “Либро сувд” утга зохиолын агентлагийн гадаад харилцааны захирал Б.Эрдэнэбаяр, МУСГЗ, орчуулагч, нийтлэлч Г.Аюурзана, “Либро сувд” утга зохиолын агентлагийн гүйцэтгэх захирал Б.Болор, МУИС хэвлэлийн газрын эрхлэгч Т.Ууганбаяр, брэндингийн менежер Ж.Ичинхорлоо, Монгол судлалын хүрээлэнгийн судлаач Б.Уранцэцэг, “Номын ертөнц” клубийн ахлагч Г.Тэн-Мэргэн тэргүүтэй уран бүтээлчид оролцож байгаа юм.
Үзэсгэлэнгийн үеэр монгол хэл дээрх ном, уран бүтээлийг таниулан сурталчлах, номын эрхийн гэрээ хийх, худалдан борлуулах, хамтран ажилладаг олон улсын хэвлэн нийтлэгчтэй уулзах, гадаадын хэвлэн нийтлэгчид монгол хэлээр ном гаргахад нь хамтран ажиллах зэрэг ажлуудыг гүйцэтгэж байна. Мөн тус улс дахь Элчин сайдын яамтай хамтран Бээжин хотод ажиллаж, сурч буй монголчуудад зориулсан тусгай уулзалтыг "Монголын соёл, мэдээллийн төв"-д зохион байгуулахаар болжээ.

-660x0.png)
Үүнээс гадна Номын соёлт ертөнц ТББ-ын гүйцэтгэх захирал, ном зүйч Б.Сувд “BIBF болон номын соёлын харилцаа” сэдвээр илтгэл тавьж, зохиолч Г.Аюурзана “Илүү их уншъя” чөлөөт ярилцлага өрнүүлсэн бол МУИС хэвлэлийн газрын эрхлэгч Т.Ууганбаяр хэвлэлийн газрынхаа бодлогыг танилцуулав. Басхүү “Номын ертөнц” клубийн ахлагч Г.Тэн-Мэргэн “Бидний уншдаг 50 ном аян”-ы талаар олон улсын уншигч, хэвлэн нийтлэгчдэд мэдээлэл өгч, монгол дахь ном соёлын үйл ажиллагааг сурталчлан таниулж байгаа аж.