
Канадын Колумб мужийн төв эргийн Белла-Кула хотын орчимд гарсан баавгайн дайралтад эх, охин хоёр амиа алдсан хэрэг гарчээ.
Байгаль хамгаалах албаны байцаагч Жефф Тайр видео мэдэгдэлдээ, "Даваа гарагт хүний цогцосны эхний хэсэг олдсон. Дараа нь мягмар гаргийн үдээс хойш Канадын хааны морин цагдаа болон байгаль хамгаалагчдын хамтарсан эрлийн ажиллагаагаар хоёр дахь цогцсыг олсон" гэв. Мөн “Дайралтад нэгээс олон баавгай оролцсон эсэх нь одоогоор тодорхойгүй байна” хэмээн мэдэгдэж, тухайн бүсэд баригдсан аливаа баавгайд нарийвчилсан үнэлгээ хийхээр төлөвлөж байгааг дуулгасан байна.
Амиа алдсан хүмүүсийг урлагийн эмчилгээний мэргэжилтэн Женни Балкаррас болон түүний охин Села Рид нар болохыг ар гэрийнхэн нь мэдээлжээ. Тэднийг ням гарагт сураггүй болсон тухай мэдэгдсэн байна. Хамаатан Мэри Мелисса Смитийн санаачилсан хандивын аянд дурдсанаар, Села Рид 20 настай байсан бөгөөд “Өмнө нь бүхэл бүтэн амьдрал нь хүлээж байлаа” хэмээн түүнийг дурсжээ.
Смитийн мэдээлснээр Балкаррас амьдралдаа шинэ хуудас нээж, мэргэжлээ өөрчлөх зорилгоор саяхан Белла-Кула хотод нүүж ирсэн аж. Гэвч гэр бүл нь ийм төсөөлөхийн аргагүй гарз хохиролтой нүүр тулна гэж хэн ч урьдчилан таамаглаагүй байна. Түүний үр хүүхдүүд болон ач зээ нь эхээ алдсан хүнд гарзтай нүүр тулахын зэрэгцээ оршуулгын зардлыг зохицуулах санхүүгийн дарамттай тулгарч байгааг тэрээр онцолжээ.
Байцаагч Тайрын хэлснээр, дайралтад оролцсон байж болзошгүй баавгайнуудыг барих ажиллагаа үргэлжилж байгаа аж. Байгаль хамгаалах албанд баригдсан амьтдыг олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс мужийн журмын дагуу устгана хэмээв.
Энэхүү хэрэг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард мөн Белла-Кула орчимд гарсан хүрэн баавгайн дайралтаас хойш бараг нэг жилийн дараа болж буй юм. Тухайн үед бага ангийн 20 сурагч, багш нарын бүлэг баавгайн дайралтад өртөж, насанд хүрсэн нэг хүн болон гурван хүүхэд хүнд гэмтсэн юм.