
Энэ сарын 22-ны өдөр Зэвсэгт хүчний … дугаар ангийн байлдагч бусдад зодуулж, хүнд бэртэл авсан тухай мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан. Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох албан тушаалтнууд тайлбар, мэдээлэл өглөө.
Зэвсэгт хүчний барилгын инженерийн цэргийн штабын дарга, хурандаа Б.Дорждэрэм:
“Гуравдугаар сарын 22 буюу өнгөрсөн ням гаргийн 17:00 цагт Баянхонгор аймагт байрладаг манай харьяа болох “Барилга инженерийн цэргийн анги” хугацаат цэргийн хоёр алба хаагч хоорондоо харилцааны зөрчил гаргасан. Түүнээс болж нэг цэрэг маань бэртсэн. Барилгын цэргийн удирдах газраас болсон үйл явдлыг яаралтай тодруулж, бэртсэн цэргийг 23 -ны шөнө гэхэд Цэргийн төв эмнэлэгт хүргэсэн. Ингээд үүссэн шархыг нь косметик оёогоор оёсон.
Шархны байдлыг харахад урт зүсэгдсэн, анхны тусламж үзүүлэхдээ нүүр царайд нь гарсан шархыг эвгүй байдалтай оёсон байсан. Хүний нүүр царай дээр байгаа шарх учраас гэр бүлтэй нь тохирч, косметик оёо шаардлагатай хэмээн тайлбарласнаар яаралтай энд авчирч эмнэлэгт хэвтүүлсэн. Одоогоор тус цэргийн биеийн байдал хэвийн, ухаан санаа орж гарсан зүйлгүй байгаа” гэв.
Мөн Зэвсэгт хүчний хяналт, үнэлгээний газрын дарга, Бригадын генерал С.Баяр-Очир:
“Хэрэг болсон өдрийн 17:10 цаг гэхэд буюу тухайн өдөр цэргийн анги дээр харуул манаанд гарч байсан алба хаагчид бэртсэн цэргийг Баянхонгор аймгийн төв эмнэлэгт хүргэсэн. Арван минутын дотор шуурхай арга хэмжээ авч, мөн цагдаад мэдэгдсэн. Одоогоор цагдаагийн байгууллага хэрэг бүртгэл нээгээд ажиллаж байгаа учраас юугаар, хэрхэн зүссэн бэ гэдгийг дэлгэрэнгүй ярих боломжгүй.
Хагас сайн, Бүтэн сайн бол амралтын өдрүүд учраас цэргүүд үдээс хойш амарч байдаг. Энэ бол хоёр хугацаат цэргийн хооронд гарсан асуудал. Ямар нэгэн офицер, ахлагч оролцоогүй гэдгийг баттай хэлье. Энэ хоёр алба хаагч хоёулаа Завхан аймгийнх. Хамгийн дотно хоёр найз үл ялих шалтгаанаас болж маргалдаад зүй бус харилцаа үүссэн байна. Батлан хамгаалах салбар дүрмийн бус харилцаа гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Оны ялгаа гэдэг зүйл олон жилийн цэрэгтэй байхад оршиж байсан байх магадлалтай. Харин одоо байхгүй болсон. Цэргүүдийн аюулгүй байдлыг хангахад анхаарал хандуулж байгаа. Цэргийн ангийн байранд хурц үзүүртэй зүйл байхгүй. Одоо бол зориулалтын татуураг өгдөг. Хуулийн байгууллагын шалгалтын дүн гарсны дараа холбогдох албан тушаалтнуудад цэргийн дүрмийн дагуу арга хэмжээ авна” гэлээ.