
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийлээ.
Тэрээр "Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Үнийн өсөлтөөс эсрэг арга хэмжээ авах тухай тогтоолын төсөл хэлэлцэж баталлаа. Улаанбаатар хотод үүсээд байгаа махны үнийн хөөрөгдөл, нөөцийн махны хомсдлын асуудлыг зохицуулахаар баталсан тогтоол.
Нөөцийн махны худалдааг зургаадугаар сарын 15-нд зогсоох байсныг долоодугаар сарын 1 болгож хойшлууллаа. Нөөцийн махны зарцуулалт дээр нэлээд анхаарахгүй бол нэг хүн их хэмжээгээр авах тохиолдол гарч байна. Ийм байдлыг зогсоохгүй бол зорилтот бүлэг рүүгээ биш өөр тийшээ яваад байна.
Улаанбаатар хотын махны нийлүүлэлт дээр олон шат дамжлагыг яаж цөөлөх вэ гэдэг дээр Эдийн засгийн хөгжлийн яам, нийслэл рүү үүрэг өгч байна. Жилийн дараа ингээд байж байхгүйн тулд аймаг, нийслэлийн Засаг дарга нар нөөцийн махаа бүрдүүлэх ажлаа одооноос зохион байгуул гэж байгаа юм. Орон нутгийн удирдлагууд 2027 оны төсвийг төсөвлөхөөс авхуулаад бүх зүйл дээрээ нөөцийн махны асуудалд анхаарлаа хандуулан.
Тавдугаар сарын 15-наас нөөцөд байгаа 1400 орчим тонн махыг нэр бүхий сүлжээ дэлгүүрүүдээр борлуулахдаа хонины махыг 13 000, үхрийн махыг 15 000 төгрөгөөр худалдана. 2000-3000 төгрөгөөр хямдруулж борлуулна гэсэн үг.
Өнөө өглөө манай яамныхан Дэнжийн мянгад ажилласан. Хөдөөнөөс ирж байгаа хонины мах 18 000 ,19 000-аар бууж байна. Үхрийн мах 21000. Хашаан дотроо үнэ нэмэгдээд явчихаж байгаа юм. Энэ хангалт, тээвэр ложистикийг яах вэ гэдгийг судалж үзэх ёстой юм байна" гэв.