
Венесуэлийн түр ерөнхийлөгч АНУ-ын эрчим хүчний томоохон компани болох General Electric-тай тус улсын цахилгаан эрчим хүчний сүлжээг сэргээн босгох гэрээнд гарын үсэг зуржээ.
АНУ-ын хүчнийхэн Венесуэлийн удирдагч Николас Мадурог энэ оны нэгдүгээр сард баривчилсны дараа түр ерөнхийлөгчөөр тангараг өргөсөн Делси Родригез ерөнхийлөгчийн ордонд болсон арга хэмжээний үеэр уг шийдвэрийг зарласан байна.
Энэхүү гэрээ нь өмнө нь АНУ-ыг хатуу шүүмжилдэг байсан Родригес одоо Венесуэлийн эдийн засгийг АНУ-ын хөрөнгө оруулагчид болон компаниудад нээлттэй болгох бодлого баримталж байгаагийн жишээ юм. Родригезийн засаглалыг шүүмжлэгчид төрийн эдийн засаг дахь хяналт суларч байгаа мэт харагдавч олон чухал байгууллага түүний намын хяналтад хэвээр байгааг анхааруулжээ.
Венесуэлд цахилгаан тасалдал байнга гардаг бөгөөд 2007 онд Ерөнхийлөгч асан Уго Чавесийн үед улсын мэдэлд шилжүүлсэн эрчим хүчний систем нь их хэмжээний хөрөнгө оруулалт, шинэчлэл шаардсан хүнд байдалд байгаа юм.
Родригес General Electric-ийн орон нутгийн салбар болох GE Vernova-тай байгуулсан гэрээг “Венесуэлийн хувьд түүхэн алхам” хэмээн тодорхойлж, энэ нь улсын хувьд “амин чухал үйлчилгээ”-г сэргээх боломж олгоно гэжээ.
Тус улсад цахилгаан нэг удаа тасрахдаа 10 цагаас дээш үргэлжилдэг.
Мадурогийн засгийн газар өмнө нь хуурайшилтын улмаас цахилгааны гол эх үүсвэр болох Гури далангийн усан цахилгаан станц хангалттай эрчим хүч үйлдвэрлэж чадахгүй болсон гэж тайлбарлаж байв.
Гэвч шинжээчид олон жилийн турш эрчим хүчний сүлжээнд хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ дутагдсан нь хэрэглээний өсөлттэй хавсарч эрчим хүчний хямрал үүсгэсэн гэж үзсээр иржээ.
Гэрээг Эрчим хүчний сайд Роландо Алкалагийн удирдлага дор байгуулсан байна. Түүнийг Родригес гурван сарын өмнө тус албан тушаалд томилжээ. Энэ томилгоог сүүлийн зургаан жилийн турш яамыг удирдсан цэргийн өндөр албан тушаалтнууд цахилгаан сүлжээний асуудлыг шийдэж чадаагүйтэй харьцуулахад эерэг өөрчлөлт гэж үнэлж байв.
Родригес мөн Трампын засаг захиргаатай хэд хэдэн асуудлаар нягт хамтран ажиллаж байгаа аж.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын цэргийнхэн ажиллагаа явуулж, Трен дэ Арагуа гэмт бүлэглэлийн удирдагчийг устгасан байна.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет уг ажиллагаа “Венесуэлийн аюулгүй байдлын хүчнийхэнтэй бүрэн хамтран” хэрэгжсэн гэж мэдэгдсэн нь Мадурогийн үед төсөөлөхийн аргагүй зүйл байсан гэж ажиглагчид онцолжээ.
Венесуэлийн сөрөг хүчнийхэн Мадурог эрх мэдлээсээ бууснаас хойш хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалд маш цөөн өөрчлөлт орсон, сонгуулийн зөвлөл ч Мадурог дэмжигчдийн хяналтад хэвээр байгааг шүүмжилж байна.
Хоёр долоо хоногийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Конгресст мэдэгдэхдээ “Эцсийн дүндээ Венесуэлийн асуудлын шийдэл бол чөлөөт, шударга ардчилсан сонгууль юм. Энэ нь зөв зүйл төдийгүй тус улс хүсэж буй хөрөнгө оруулалтыг татахын тулд зайлшгүй шаардлагатай” хэмээн онцолжээ.