
Өчигдөр (2026.02.10) Хурдны зам дээр хуягт хамгаалалтын машиныг зэвсэгт этгээдүүд дээрэмдэхийг завдсан хэрэгтэй холбогдуулан Италид хоёр эрэгтэйг шүүхэд шилжүүлэхээр болжээ.
Нүүрээ халхалсан этгээдүүдийн бүлэг Калашников автоматаар зэвсэглэн уг машинд халдаж, зугтах үеэрээ оюутан охины машиныг дээрэмдсэн байна. Улмаар Италийн цэрэгжсэн цагдаагийн байгууллага болох Карабинеритай буудалцсанаар дээрмийн оролдлого өндөрлөжээ.

Багадаа зургаан хүний бүрэлдэхүүнтэй байсан уг бүлэг Карабинерийн алба хаагчид руу хэд хэдэн удаа буудсан бөгөөд нэг офицер шархадсан байна.
Италийн Батлан хамгаалахын сайд Гуидо Крозетто уг явдлыг “гал зэвсэг ашигласан цуст хэрэг” хэмээн тодорхойлоод, “гэмт этгээдүүдийн солиорлоос олон нийтийг хамгаалах нь бидний нэн тэргүүний зорилт” гэж мэдэгджээ.
Тэрээр алба хаагчдын шуурхай, үр дүнтэй ажиллагаанд талархал илэрхийлж, “Өдөр бүр биднийг хамгаалж, улсын аюулгүй байдлыг ханган ажилладаг дүрэмт хувцастай эрэгтэй, эмэгтэй бүх алба хаагчдад чин сэтгэлийн талархал илэрхийлье” хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна.
Гэмт бүлэглэл хамгаалалтын Battistolli компанийн хуягт машины замыг нь хаан зогсож, өөр нэг тээврийн хэрэгслийг шатааснаар хөдөлгөөнийг нь бүрмөсөн зогсоожээ. Тус хамгаалалтын компани олон нийтийн сүлжээнд өргөн тархсан бичлэгийг цочирдом хэмээн тодорхойлж, ийм төрлийн халдлага сүүлийн үед нэмэгдэж байгааг онцлон, аюулгүй байдлыг сайжруулах бодит арга хэмжээ авах шаардлагатайг мэдэгдсэн байна. “Сүүлийн хоёр жилд Battistolli групп 14 удаагийн халдлагад өртсөн нь анхаарал хандуулж, бодит арга хэмжээ авах шаардлагатай нөхцөл байдал үүссэнийг харуулж байна” гэжээ.

Италийн олон нийтийн телевиз RAI-ийн мэдээлснээр 38 болон 62 настай хоёр сэжигтнийг хүний амь насанд халдахыг завдсан, хүндрүүлсэн нөхцөлтэй дээрэм, дайны зориулалттай зэвсэг хууль бусаар эзэмшсэн зэрэг хэд хэдэн зүйл ангиар яллах аж. Шархадсан офицер одоогоор эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа аж.