
Аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл энэ оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 49.9 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 56.3 хувь буюу 18 их наяд төгрөгөөр нэмэгдлээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбар 68.2 хувь буюу 17 их наяд, боловсруулах салбар 15 хувь буюу 759.3 тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.
Уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 42 их наяд төгрөг болоход металлын хүдэр олборлолтын салбар 75.8 хувь буюу 10.2 их наяд, чулуун, хүрэн нүүрс олборлолтын салбар 63.9 хувь буюу 6.4 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Тус салбарт төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, төмрийн хүдэр, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмал, чулуун нүүрсний биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.2-57.5 хувиар нэмэгдсэн бол хүрэн нүүрс, газрын тос, цэвэршүүлээгүй алт, цайр, мөнгөний баяжмал 3.4-40.4 хувиар багасжээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт цэвэр спирт, гурил, металл бэлдэц, цемент, шингэн сүү, самнасан ноолуур, шохой, ноолууран сүлжмэл эдлэл зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.1-20.3 хувиар нэмэгдэж, цагаан архи, ус, ундаа жүүс, катодын зэс, малын мах, янжуур тамхи, нүүрсэн шахмал түлш зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.9-93.1 хувиар буурлаа.
Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн дээрх хугацаанд 55.7 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 60.1 хувь буюу 20.9 их наяд төгрөгөөр нэмэгдэхэд уул уурхайн салбарын борлуулалт 74.8 хувь буюу 20 их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлөв.
Гадаад зах зээлд 43.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсний 42.2 их наяд нь уул уурхай, олборлох салбарынх аж. Уул уурхайн бүтээгдэхүүний гадаад борлуулалтын 36.5 хувийг нүүрс, 59.5 хувийг металлын хүдэр, 1.5 хувийг газрын тос, 2.5 хувийг бусад ашигт малтмал олборлолтын салбар эзэлжээ.