
АНУ-ын шигшээ багийн гол довтлогч Фоларин Балогунд оноогоод байсан нэг тоглолт өнжих шийтгэлийг FIFA (Олон улсын хөлбөмбөгийн холбоо) гэнэт түдгэлзүүлсэн нь дуулиан дэгдээлээ. Үүний үр дүнд АНУ-ын багийн мэргэн бууч Бельгийн эсрэг хийх шөвгийн 16-гийн хариуцлагатай тоглолтод оролцох боломжтой болсон.
Өдгөө 25 настай довтлогч Балогун нь энэ удаагийн ДАШТ-д 3 гоол оруулж, багийнхаа амжилтыг түүчээлж байгаа юм. Тэрээр шөвгийн 32-т Босни-Херцеговины багийг 2:0-ээр хожсон тоглолтын үеэр хамгаалагч Тарик Мухаремович дээр алдаа гаргаж, улаан хуудас аван талбайгаас хөөгдсөн юм.
FIFA-гийн Сахилгын хорооноос гаргасан шийдвэрт Балогуны тоглолт өнжих шийтгэлийг 1 жилийн хугацаатай сорилтоор түдгэлзүүлж байгаа бөгөөд хэрэв тэрээр энэ хугацаанд дахин ижил төстэй алдаа гаргавал шийтгэлийг шууд сэргээж, шинээр гаргасан алдаатай нь нэгтгэн тооцохоор болсон байна. Гэвч хөлбөмбөгийн хорхойтнууд болон мэргэжилтнүүдийн зүгээс FIFA-г ямар шалтгаанаар ийм хөнгөлөлт үзүүлсэн талаар тодорхой тайлбар хийгээгүйг шүүмжилж байна.
Энэхүү шийдвэрийг өрсөлдөгч Бельгийн хааны хөлбөмбөгийн холбоо (RBFA) эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлэв. Тэд ДАШТ эхлэхээс өмнө буюу 5 дугаар сард FIFA-гаас улаан хуудас авсан тоглогч бүр дараагийн тоглолтыг автоматаар өнжинө гэдгийг хатуу сануулсан гэдгийг дурдаад энэ шийдвэр нь “тэмцээний дүрмийг шууд зөрчиж, шударга тоглолтын зарчмыг алдагдуулж байна" хэмээн үзэж, хууль эрх зүйн боломжит бүх хувилбарыг судалж эхэлжээ.
Нөгөөтэйгүүр, энэхүү шийдвэрт улс төрийн нөлөө орсон байж болзошгүй гэх хардлага олон улсын хэвлэлүүдээр гарч байна. AFP болон Reuters агентлагуудын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр FIFA-гийн ерөнхийлөгч, өөрийн найз Жанни Инфантино руу утасдаж, улаан хуудсыг эргэж харахыг хүссэн гэжээ. Түүнчлэн Трамп өөрийн Truth Social сүлжээндээ "Шударга бус явдлыг зассан FIFA-д баярлалаа" хэмээн нийтэлсэн байна.