
Монгол Улс Дэлхийн адууны өдрийг санаачлагч улс орнуудыг хамруулан ирэх сарын 11-13-ний өдрүүдэд анх удаа тэмдэглэх гэж байна. Адууны соёл, өв уламжлал, нүүдлийн иргэншлийн үнэт өвийг олон улсад сурталчлан таниулах энэхүү өдрөөр 56 орны зочид, төлөөлөгчид хуран чуулна. Энэ үеэр 10 мянган морьтны гайхамшгийг мэдрүүлэх олон хөтөлбөр боловсруулж байгаа бөгөөд энтертайнмент, морин эмчилгээ, засал, соёл болон 21 аймгийн өв тээгч гэсэн таван хүрээг хамруулан зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн “Physical Asia” шоунд оролцсон Япон, БНСУ, Филиппин, Австралийн тамирчид “Дэлхийн адууны өдөр”-ийн 10 мянган морьтны жагсаалд нэгдэх болжээ.