
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд “Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэн гарч байна. Тус үзэсгэлэнгээр Монгол орны ховор болон хамгааллын ач холбогдол бүхий эрвээхэйн зүйлүүдийг онцлон олон нийтэд сурталчлах, байгаль хамгааллын чухлыг таниулах зорилготой аж. Үзэсгэлэнд саатсанаар 13 орны 500 гаруй зүйлд хамаарах 900 орчим эрвээхэйг нэг дороос үзэж, эрвээхэйн амьдрах орчин, тархалт, онцлог болон амьдралын циклийн хөгжлийг сонирхох боломжтой. Мөн хээрийн судалгааны хайгуулын цуглуулгаас эхлэн музейн ховор үзмэр болох хүртэлх сонирхолтой үйл явцыг дэлгэжээ.
Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн шавж судлаач, эрдэм шинжилгээний ажилтан Г.Цэцэгбадам хэлэхдээ “Эрвээхэйн түүхэн хувьслын үед 100-150 сая жилийн өмнө эрвээхэйн дардас олдсон байдаг. Тухайн 100, 150 сая жилийн өмнө олдсон эрвээхэйн дардас нь том хэмжээтэй байсан. Яагаад ийм том байсан гэхээр тухайн үеийн хүчилтөрөгчийн хангаж их байж, хэрэглэгч нар бага байсан учраас үлэмж биетэй болсон. Манай үзэсгэлэнг зорьж ирж байгаа үзэгчид 150 сая жилийн өмнөх эрвээхэй ямар хэлбэртэй байсныг харах боломжтой.” гэлээ.
“Эрвээхэйн ертөнц” үзэсгэлэнд саатсанаар эрвээхэйн хатаамлын сонин содонг харахаас гадна гоо сайхны таашаал, сэтгэхүйн тайтгарлыг олох боломжтой юм.
Үзэсгэлэн ирэх сарын 20-н хүртэл олны хүртээл болно.


