
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдавга Монголын дугуйн холбооны удирдлагуудтай уулзжээ. Энэ уулзалтын үеэр саяхан өндөрлөсөн “Айчи-Нагоя” Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамцад тусгайлан баяр хүргэлээ. Тэрээр Азийн наадмын эхний медалийг авсан бөгөөд Монголын баг алт, мөнгөн медальтайгаар наадмыг дуусгасан юм.
Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдавга Монголын дугуйн холбооны үйл ажиллагаа, дугуйн спортыг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудыг бүх шатанд дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тэрээр “Нийслэлийн дугуйн замыг нэмэгдүүлж, дугуй унаж буй хүмүүст ээлтэй хотыг бий болгох зорилгоор энэ жил 76 км дугуйн зам барьж байгууллаа. Ирэх жил 115 км дугуйн замыг нэмж, Улаанбаатар хотын нийт дугуйн замын сүлжээг 450 км хүргэнэ. Ингэснээр Өнөр хорооллоос Амгалан хүртэл дугуйгаар зорчих нөхцөлийг бүрдүүлэх юм.” гэлээ.
Монголын дугуйн холбоо үйл ажиллагаагаа шинэчлэн эрчимжүүлснээс хойш Нийслэлийн холбогдох байгууллагуудтай хамтран иргэдийн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, хүүхэд залуучуудыг спортоор хичээллэхэд уриалах чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн. Тодруулбал, “Дугуйтай Улаанбаатар”, “Дугуйн өдөрлөг”, “Виртуал дугуй Нийслэлийн аварга шалгаруулах” тэмцээн гээд мэргэжлийн болон олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Цаашид эдгээр арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулж, Нийслэлийн иргэдийн эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжих, хүүхэд залуучуудын дугуйн спортоор хичээллэх оролцоог нэмэгдүүлэх, байгальд ээлтэй, тогтвортой унадаг дугуйн тээврийн соёлыг төлөвшүүлэхэд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхээр зорьж байгааг Монголын дугуйн холбооноос мэдэгдлээ.
