
Британийн хааны гэр бүлийн дэг журмыг зөрчиж, поп соёлын дуулиант мөчийг бүтээсэн гүнж Дианагийн олны анхаарлыг татсан “өшөө авалтын даашинз” 30 жилийн дараа анх удаа худалдаанд гарах гэж байна.
Грекийн загвар зохион бүтээгч Кристина Стамболяны урласан, олны анхаарлыг татсан үдшийн даашинзыг энэ сард Лондонд үзэсгэлэн болгон дэлгэсний дараа Хонконг, Женев, эцэст нь Нью-Йоркт танилцуулна. Эцэст нь ирэх арванхоёрдугаар сарын 9-нд дуудлага удалдаагаар оруулах юм. Урьдчилсан байдлаар уг даашинз 300 000 ам.долларын үнэд хүрэх төлөвтэй байна.
Уэльсийн гүнж асан Диана 1994 оны зургадугаар сарын 29-нд хар өнгөтэй, бие барьсан даашинзыг өмссөн. Энэ нь түүний тухайн үеийн нөхөр, одоо хаан болсон III Чарльз үнэнч бус байснаа ITN телевизийн баримтат нэвтрүүлэгт хүлээн зөвшөөрсөн өдөр байжээ. Ханхүү Чарльзийн мэдэгдэл хэдхэн хоногийн өмнө нь Британийн хэвлэлээр цацагдахад нь Британи даяар 13 сая хүн үзсэн байна.
Гэсэн хэдий ч Диана тэр орой Лондон дахь Серпентайн галерейд болсон үдэшлэгт өөрийн гэсэн нэртэй болтлоо олны анхаарлыг татсан даашинзтай очихоор шийджээ. Ийнхүү уг даашинз “өшөө авалтын даашинз” хэмээн нэрлэгдэх болжээ.

Мөрөө ил гаргасан торгон даашинзыг хар өсгийтэй гутал, хар гар цүнх, тод улаан хумсны будаг, үнэт чулуугаар чимэглэсэн чокертой хослуулжээ. Sotheby’s-ийн мэдээлснээр, чокерыг хатан хаан II Элизабетын эх, Хатан эх Дианад хуримынх нь үеэр бэлэглэсэн эртний алмааз, индранилтай энгэрийн зүүлтээс авч урласан байна. Диана ийнхүү олон нийтийн төсөөлөл дэх өөрийн дүр төрхийг дахин тодорхойлжээ.
“Үг хэлэх боломжгүй, эсвэл үг хангалтгүй үед загвар хувцас хэл болж чадна. Гүнж Диана үүнийг зөнгөөрөө ойлгодог байсан” гэж Sotheby’s-ийн цүнх, загварын хэлтсийн дарга Морган Халими пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ хэлжээ.
“Амьдралынх нь хамгийн их анхаарал татсан, сэтгэл хөдлөл ихтэй үеүүдийн нэгэнд гүнж Диана өөрийн нөхцөлөөр уг даашинзыг өөрийнх нь илэрхийлж байсан хамгийн хүчирхэг мессежүүдийн нэг болгосон” гэж Халими нэмж хэлсэн байна.
Тухайн үед хар өнгийг хааны гэр бүлийн гишүүд зөвхөн оршуулгын үеэр өмсөхөд зохимжтой гэж үздэг байжээ. Sotheby’s-ийн мэдээлснээр, Стамболяны загвар нь 1926 онд Коко Шанелийн анх санаачилсан “жижиг хар даашинз”-ны нэг хувилбар юм. Энэ загвар нь хар өнгийг гашуудлын өнгөөс дэгжин, тансаг хэв маягийн илэрхийлэл болгон өөрчилж, өмнөх үеийн загварын хязгаарлалтаас эмэгтэйчүүдийг чөлөөлөх зорилготой байжээ.
Стамболяны 2013 онд Channel 4 телевизийн “Princess Diana’s Dresses: The Auction” баримтат нэвтрүүлэгт хэлснээр, Диана уг хар даашинзыг “хэт задгай” хэмээн эмээж, гурван жилийн турш шүүгээндээ хадгалсны эцэст гэнэт өмсөхөөр шийдсэн аж.
Тэрхүү хар хувцас, түүнтэй холбоотой поп соёлын мөчийг дараа нь хувцасны цуглуулгууд, олон нийтийн сүлжээ, мөн Netflix-ийн түүхэн жүжиг “The Crown” зэрэг телевизийн бүтээлүүдэд мөнхөлжээ.
“Олон нийтийн сүлжээ энэ нэр томьёог энгийн болгож амжаагүй байхад дэлхий даяар тархсан вирус мэт мөч болсон энэ явдал загварыг зөвхөн гоёл чимэглэл бус, илүү зорилготой, утга учиртайгаар ашиглах эрхийг хүн бүрд, ялангуяа эмэгтэйчүүдэд олгосон. Загвар нь бамбай, зэвсэг, эсвэл хоёулаа болж чадна” гэж Халими хэлэв.
“Олон арван жилийн дараа үлдэж хоцорсон зүйл нь тухайн оройн дуулиан биш, харин гүнж Диана-гийн өөртөө итгэлтэй байдал, өөрийгөө эзэмдсэн төрх юм” гэдгийг ч мөн Халими нэмжээ.
“Онцгой зүйл”
Диана уг даашинзыг өмсөөд гарахдаа “сая долларын үнэтэй харагдахыг хүссэн” гэж түүнийг бэлдэхэд тусалсан стилист Анна Харви ярьсан талаар Sotheby’s мэдээлжээ.
2023 онд Дианагийн төдийлөн алдартай биш даашинзуудын нэг нь анхны үнэлгээнээсээ хавьгүй өндөр буюу 604 800 ам.доллараар зарагдсан. Тиймээс энэ даашинз ч мөн тооцоолсноосоо өндөр үнэд хүрч болзошгүй юм. Түүнчлэн Дианагийн алдарт “хар хонь” хээтэй ноосон цамц 2023 онд 1.1 сая ам.доллар гаран үнээр зарагдаж, дээд амжилт тогтоож байжээ.
Sotheby’s-ийн мэдээлснээр, “өшөө авалтын даашинз”-ыг хамгийн сүүлд 1997 оны зургадугаар сард худалдаалсан байна. Тухайн үед Диана хөхний хорт хавдар болон ДОХ-ын эсрэг буяны байгууллагуудад хөрөнгө босгохын тулд 79 даашинзаа дуудлага худалдаанд оруулжээ. Үүний дараа даашинз Шотландад болсон буяны арга хэмжээнүүдэд толилуулагдаж, хамгийн сүүлд тус улсын Пэйсли музейд бараг 30 жилийн өмнө дэлгэгдсэн байна.

Анхны худалдааны ховор каталогийн нэг хувийг даашинзтай хамт худалдах бөгөөд уг каталогт худалдааг зохион бүтээсэн хүнийг хунтайж Уильям гэж тэмдэглэсэн, мөн талийгаач гүнж болон даашинзны загвар зохион бүтээгчийн гарын үсэгтэй ажээ.
“Талийгаач нөхөр бид хоёр энэ даашинзыг онцгой зүйл гэдгийг мэддэг байсан” гэж 1997 онд уг даашинзыг худалдан авсан, нэрээ нууцалсан эзэмшигч хэлжээ.
“Гүнж Диана амьдралынхаа хамгийн хүнд орой руу алхаж байсан ч түүнийг харахад та хэзээ ч ингэж бодохгүй. Зураг авахад зарцуулсан тэрхэн хугацаанд коктейлийн даашинз мэдэгдэл болсон. Гучин жилийн дараа ч дэлхийн хаана ч эдгээр үгийг хэлэхэд хүн бүр яг ямар даашинзыг хэлж байгааг мэднэ. Бидний адил эзэмшихээсээ таашаал авах хүнд очоосой гэж хүсэж байна” гэжээ.
Дуудлага худалдааны орлогын тодорхой хэсгийг NHS Lothian Charity эрүүл мэндийн үйлчилгээний буяны байгууллагад хандивлана гэж дуудлага худалдааны ордон мэдээлсэн байна.
Даашинзыг есдүгээр сарын 18-нд Лондон дахь Sotheby’s-д анх удаа танилцуулж, есдүгээр сарын 24 хүртэл дэлгэнэ. Үүний дараа аравдугаар сарын 1–15-нд Хонконгт, арваннэгдүгээр сарын 6–11-нд Женевт, арванхоёрдугаар сарын 2-ноос Нью-Йоркт үзүүлнэ.