
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, эхчүүдэд Алдарт эхийн одон гардууллаа.
Энэ жил улсын хэмжээнд 12306 хүн Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон хүртэнэ. Өнөөдөр одонгоо гардаж байгаа эхчүүдийн олонх нь 33-39 настай, хамгийн залуу нь 22 настай юм.
Ээжүүдийн ач гавьяа, хөдөлмөр зүтгэлийн үр шимийг удам судар, гэр бүл, ураг төрөл, үндэстнээрээ хүртдэг учир Монгол төр алдаршуулдаг сайхан уламжлалтайг Ерөнхийлөгч онцоллоо.
“Энэ одон бол эх хүний дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл. Ээжийн минь энгэрт гялалзаж байсан, одоо ээжүүдийн энгэрт гялалзаж байгаа энэ одонг хамгийн хүндтэй шагнал гэж боддог” гэлээ. Тэрээр алдарт эхчүүдэд болон гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Ерөнхийлөгч санаачилга гаргасны дагуу Алдарт эхийн одонг дагалддаг мөнгөн урамшууллыг 2025 оноос хоёр дахин нэмээд байна.
Өнгөрсөн жил улсын хэмжээнд 14480 эх Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одон авчээ.